Зарим байгууллагын газрын эрхийг цуцалж, нийтийн эдэлбэрт бүртгэж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-14 17:20:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар” зочид буудал, МУИС-ийн хичээлийн II байрны урд талын газруудын, мөн “Улаанбаатар банк” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлав. Тодруулбал, дээрх байгууллагуудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргасныг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай өнөөдөр танилцууллаа.

Захирамжид дээрх байгууллагуудын талбай, цэцэрлэгт хүрээлэн, тохижилт бүхий хориглосон байршилд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгосон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй хэмээн үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. "Одоогоор бид дээрх газруудыг нийтийн эдэлбэр газарт бүртгэн, хамгаалалтанд аваад байна" гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай мэдэгдэв.

 

Холбоотой мэдээ