Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-30 15:41:56

ВАШИНГТОН. /РИА Новости/. Олон улсын цөмийн аж үйлдвэрийн “Nuclear Industry Summit – 2016” дээд хэмжээний уулзалт АНУ-ын нийслэл Вашингтон хотод өнөөдөр эхэлж байна. Уулзалтад цөмийн салбарын байгууллагууд, томоохон компаниуд оролцоно.

Энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх форумын гол сэдэв нь цөмийн болон цацраг идэвхт материалыг аюулгүй ашиглах, хадгалах, тээвэрлэх асуудал, кибер аюултай тэмцэх ажиллагаа болон орчин үеийн ертөнцөд цөмийн аж үйлдвэрийн гүйцэтгэх үүрэг байх болно.

“Nuclear Industry Summit – 2016”-д оролцохоор 350 орчим компанийн тэргүүн нар, шинжээчид болон цөмийн аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид АНУ-ын нийслэл хотод хүрэлцэн ирэх төлөвтэй байна. Тэдний дотор дээд хэмжээний уулзалтын эхний өдөр үг хэлэх МАГАТЭ-гийн тэргүүн Юкия Амано, Америкийн “Westinghouse” компани, Хятадын Үндэсний атомын корпораци, Өмнөд Африкийн цөмийн эрчим хүчний корпорацийн удирдлагууд байгаа аж.

Цөмийн аж үйлдвэрийн ололт амжилтын тухай үзэсгэлэн зохион байгуулснаар форум дуусна.

Цөмийн аж үйлдвэрийн хөгжлийн асуудлыг хэлэлцэх форумыг мөн өдрүүдэд Вашингтон хотноо болох цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад зориулан зохион байгуулж байгаа аж. Дэлхийн 50 гаруй орон оролцох уг уулзалтын гол сэдэв нь цөмийн зэвсэг ашиглан халдлага үйлдэхээс урьдчилан сэргийлэх асуудал болно. Дээд хэмжээний уулзалтын хөтөлбөр төлөөлөгчдийн тэргүүн нар ирсний дараа пүрэв гарагт эхэлнэ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ