Ботсванад заан агнах хоригийг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-05-23 13:12:27

ГАБОРОНЕ. /BBC/. Бүгд Найрамдах Ботсвана Улсад хүмүүс, амьтад хоорондын зөрчил нэмэгдэж буйтай холбоотойгоор заан агнах хоригийг цуцалсан байна. 2014 онд авсан уг хоригийн талаарх шүүмжлэл газар авах болсон бөгөөд энэхүү хязгаарлалт нь жижиг фермерийн аж ахуй эрхлэгчдэд сөргөөр нөлөөлөх болжээ.


130 мянга гаруй заантай Ботсвана улс нь зааны тоо толгойгоороо дэлхийд тэргүүлдэг юм. Тус улсын Засгийн газар зааны ангийн талаарх сүүлийн шийдвэр байгаль хамгаалагчдын дургүйцлийг хүргэх төлөвтэй байна. Тэд энэхүү шийдвэрийг улс төрийн зорилготой хэмээн үзэж байгаа ажээ.


Ботсвана улсын Ерөнхийлөгч заан агнах хоригийг хянан шалгах хороог өнгөрсөн оны зургадугаар сард байгуулжээ. Тус хороо энэ оны хоёрдугаар сард заан агнахыг зөвшөөрөх саналыг гаргасан байна.


Байгаль орчин, байгалийн нөөц, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, хүн, заан хоорондын зөрчлийн тоо маш өндөр хэмжээнд хүрсэн бөгөөд заануудын учруулах хохирлын хэмжээ нэмэгдэж, тэд мал сүргийг олноор нь хөнөөх болсон гэж яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Заанууд фермийн талбайд орж, тосгод дундуур явах нь ихээхэн хохирол учруулдаг бөгөөд ургацыг ноцтойгоор сүйтгэдгийн зэрэгцээ хүний аминд хүрсэн тохиолдлууд ч гарчээ.


Энэхүү шийдвэр нь олон улсын тавцан дахь Ботсвана улсын нэр хүндийг унагаж, тус улсын хоёр дахь том салбар болох аялал жуулчлалын орлогод нөлөөлж болзошгүй юм. 

Холбоотой мэдээ