Тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийг онцгой анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-21 18:57:02
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж буй ажлаа танилцуулах, хэвлэл мэдээллийн байгууллагыг хамтран ажиллахыг уриалах зорилгоор МХГ,  Мал эмнэлгийн газар, ОБГ, ЭМГ  хамтран мэдээлэл хийлээ.

Тарваган тахал өвчин нь сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд нэмэгдэх хандлагатай болсон тул иргэд, олон нийтэд сэрэмжүүлэг, анхааруулгыг байнга хүргэж байх шаардлагатай гэсэн юм. Нийт 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой бөгөөд голомтот нутагт тахлын эпизот нь дөрөвдүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрдэг байна.

Орхон аймаг тарваган тахлын голомтын бүсэд багтдаггүй ч тээвэрлэлтийн замаар халдвар авах магадлал өндөр байдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага болон түүнээс гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн орон нутаг хооронд тээвэрлэлт хийж байгаа жолооч нар дайвар ачаа тээвэрлэхдээ болгоомжтой байж халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах хэрэгтэйг сануулсан юм. Учир нь өнгөрсөн онд Орхон аймагт тарваганы мах тээвэрлэж явсан гурван удаагийн зөрчил илэрч  зохих арга хэмжээг нь авсан байна.

 

Холбоотой мэдээ