“Зөв тусгал” хүүхэд хамгааллын хөдөлгөөн өрнөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-21 16:59:55

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, ГБХЗХГ, “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллага хамтран орон даяар хэрэгжүүлж буй “Зөв тусгал” хөдөлгөөний нээлт энэ сарын 20-нд Улаангом хотноо боллоо.

Тус аяны зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалж аливаа эрсдлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэрээрүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зэрэгт оршиж байгаа аж.

“Зөв тусгал” аяны хүрээнд Увс аймагт “Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжүүлэх, “Аз жаргалтай гэр бүл” залуу гэр бүлийн зөвлөгөөн зохион байгуулах, “Инээж буй хүүхэд” чуулган хийх, “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” хэлэлцүүлэг явуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү аян ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх аж.  

 

Холбоотой мэдээ