Мастеруудын Салбар хороог Төв аймагт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-21 10:47:46

Төв /МОНЦАМЭ/. Монголын Мастеруудын хорооноос 2019 оныг “Мастеруудын салбар хороодын үйл ажиллагааг жигд сайжруулъяуриа дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Төв аймагт Салбар хороог байгуулан, хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Монголын Мастеруудын биеийн тамир спортын хороо (ММБТСХ)-ны дэд ерөнхийлөгч, Төв аймгийн Салбар хорооны тэргүүн Га.Лхагвасүрэн, Ахмадын хорооны дарга Р.Лхагва болон ММБТСХ-ны ерөнхийлөгч, гавъяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, ММБТСХ-ны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох нар оролцлоо.

Мастеруудын Салбар хороог Төв аймагт байгуулсанаар 35-аас дээш насны хүн бүхэн сонирхсон спортоороо хичээллэж улс, олон улс цаашлаад тив, дэлхийн тэмцээн уралдаануудад оролцох боломж бүрдэж байгаа аж.

Монголын Мастеруудын биеийн тамир спортын хороог 2015 оны нэгдүгээр сард байгуулсан бөгөөд 2017 оны 3 дугаар сард бүтэцдээ өөрчлөлт хийжээ. Тус хороонд өнөөдрийн байдлаар нийслэлийн 8 дүүрэг, 15 аймаг, хүчний 3 байгууллага, спортын 5 холбоо нэгдсэн байна.

Хорооны зорилго нь 35-аас дээш насны иргэдийг хамруулан, тэдний эрх ашгийг хамгаалж, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, эрүүл чийрэг бие бялдартай, зөв амьдрахад нь өөрсдийн нас, биеийн онцлогт тохирсон спортын төрлөөр хичээллэх боломж олгохыг зорьдог ажээ.

Ингэснээр хорооны гишүүд, мастерууд тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцон эх орноо сурталчлах боломжийг бүрдүүлэхэд  үйл ажиллагаа нь чиглэгддэг байна.

Тус хорооноос хөнгөн атлетик, граунд гольф, софт волейбол, чөлөөт бөх, жүдо, шатар, ширээний теннис, хөл бөмбөг, гар бөмбөг, биллиард, дартс, буудлага, нийтийн цэнгээнт бүжиг зэрэг спортын 22 төрлөөр уралдаан, тэмцээн зохион байгуулж явуулдаг гэнэ.

Өнгөрсөн онд мастеруудын холбооны тамирчид тив, дэлхий, олон улсын мастеруудын наадамд оролцож 175 медальтай эх орондоо иржээ.

Энэ онд уламжлал болгон явуулдаг тэмцээн уралдаануудаас гадна “Граунд гольф”-ийн 1000 хүний тоглолт, Мастеруудын олон улсын V спортын наадам, Монголын мастеруудын V наадам зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Холбоотой мэдээ