Цаг агаарын аюулт үзэгдэл 48 цаг үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-18 20:48:06

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 18-наас 19-нд шилжих шѳнѳ онц аюултай байгалийн гамшигт үзэгдэл Хэнтий аймгийн нутагт болж, 24-48 цаг үргэлжлэх урьдчилсан мэдээ байна.

УЦУОШГ-аас уг үзэгдэлийг 1980 оны цасан шуургатай харьцуулж түүнээс хүчтэй, олон цаг үргэлжилсэн цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Энэ үед салхи зүүн хойноос баруун хойш эргэн цас орж 18-24 м/секундын хүчтэй шуурга үндсэндээ хоёр ѳдѳр шахам үргэлжлэх аж.

Иймд малчид, иргэд анхаарал болгоомжтой байж маргаашнаас өмнө цаг алдалгүй бэлтгэлээ базааж аюулаас сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байгаа юм. Үүнд, дэнж голдуу газар давхарлагаагаа авсан хѳнгѳн гэртэй, нимгэн хувцастай, малдаа ѳгѳх нѳѳцийн ѳвсгүй, сэнсэрч ядарсан малтай, хүч цѳѳтэй байгаа малчид байгалийн эрсдлийг даван туулах аргаа эртхэн бодож ар талаасаа тусламж авах хэрэгтэйг анхаарууллаа.

Мөн салхины зүг чигийг эрт баримжаалж, нѳмѳр газар малаа хашиж туг дарцаг хийсгэвэл хотонд цас хурайлахгүй, ѳргѳн энтэй эрээн бүтээлэг хашааныхаа салхин талд нѳмѳрлүүлэх, уужуу хашаанд малаа хашиж эргэлдүүлэх, пүнз хашаандаа бод малаа ойртуулж хаших гэх мэтчилэн арга хэмжээ авахыг зөвлөж байна.


Холбоотой мэдээ