"Frontier Fintech Summit 2019" олон улсын чуулга уулзалт эхэллээ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-10 16:06:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинаа хурдацтай хөгжиж буй санхүүгийн технологийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, Монгол Улсад тулгарч буй асуудал, боломжийг хэлэлцэх зорилготой "Frontier Fintech Summit 2019" олон улсын анхдугаар чуулга уулзалт Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд өнөөдөр эхэллээ.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Конгрессын гишүүн Дэвид Соарес нар чуулга уулзалтыг үг хэлж нээн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хонконгийн “Input Output” компанийн Гүйцэтгэх захирал Чарлез Хоскинсон нар үндсэн илтгэлийг тавив.



Чуулганд финтек салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүд, Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, шилдэг туршлага, шийдлүүдийн талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв. Түүнчлэн санхүү болон технологийн салбар дахь төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, уг салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчинд дутагдаж буй зохицуулалтуудын талаар хэлэлцэж, шаардлагатай алхмуудын талаар олон улсын мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцож чадсан нь өндөр ач холбогдолтой боллоо.


Чуулганыг Гадаад харилцааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын финтекийн холбооноос хамтран өнөө, маргааш зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ