Команд штабын сургууль “Яаралтай цуглар” дохиогоор эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын
Дундговь аймгийн Засаг даргатай
байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас
хамгаалах команд штабын сургууль өнөөдөр өглөө 7 цагт “Яаралтай цуглар”
дохиогоор эхэллээ.
Өглөөний 07:00 цагт “Яаралтай
цуглар” зарлан мэдээллийн дохио дуугарч, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн
анги тус аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд цугларлаа.
Гамшгаас хамгаалах команд штабын
сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд команд штабын сургуулийг удирдан ажиллаж
байгаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга
О.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адьяабаатар нарын
удирдлагууд оролцлоо.
“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн
Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 13 алба, 14 мэргэжлийн ангийн нийт 1300 гаруй хүн, 300
орчим техник хэрэгсэл, 5000 орчим багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл,
бэлэн байдлаа шалгуулжээ.
Гамшгаас хамгаалах команд штабын
сургуулиар өнөөдөр аймгийн Онцгой комисс, мэргэжлийн анги, албад бүлгээр
ажиллан гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй гамшиг,
аюул, эрсдлийг тодорхойлж, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын
төлөвлөгөөг гаргах дадлага сургууль хийх ажээ.