Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-07 13:48:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Д.Занданбатыг томилохыг хэлэлцэж, дэмжив. 


Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгосон гэх асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхийг УИХ-ын дарга асан М.Энхболд өнгөрсөн намрын чуулганы үеэр шаардсан. Энэ дагуу ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар үүрэгт ажлаасаа түдгэлзэх хүсэлтээ ноднин 11 дүгээр сарын 19-нд УИХ-д ирүүлжээ. Үүнээс гурав хоногийн дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, уг хүсэлтийг нь хэлэлцэж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байна. 


Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа учир төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлага бий болоод байгааг онцолсон.  Тэрээр, Д.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж байгааг бичгээр мэдэгдсэн гэдгийг хэлсэн. Мөн Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэнтэй холбоотой аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байгаа талаар Үндэсний аудитын газраас албан бичиг ирүүлснийг УИХ-ын дарга дурдав. Тиймээс Д.Хүрэлбаатарт хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх саналаа илэрхийлж, Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилуулах саналаа танилцууллаа.  


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ажлаа хангалттай гүйцэтгэсэн гэдгийг тодотгоод, оронд нь нэр дэвшсэн Д.Занданбатыг мөн сайн ажиллах чадвартай гэдгийг онцолж, төрд итгэх ард түмний итгэлийг сэргээхийн тулд чармайн ажиллахыг сануулав. Нэр дэвшигч Д.Занданбат, хуулийн хүрээнд  шударга ажиллаж, хуулийн дагуу хэрэгжүүлсэн ажлаа УИХ-д тайлагнаж байхаа илэрхийлэв.


Ийнхүү ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг гишүүдийн 83 хувь дэмжив. Харин түүний оронд Д.Занданбатыг томилохыг 92.3 хувийн саналаар дэмжлээ.


Дээрх чөлөөлөх, томилох асуудлыг ирэх пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.


Нэр дэвшигч Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй аж.


Тэрбээр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ