БНАСАУ пуужин харвасныг Ким Жөн Уны ОХУ-д хийсэн айлчлалтай холбожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-06 14:24:41

ВАШИНГТОН. /RIA Novosti/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 25-нд Владивостокт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа пуужингууд харвах шийдвэр гаргасан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.


БНАСАУ бямба гарагт ойрын тусгалтай хэд хэдэн пуужин харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо урьд нь мэдээлсэн билээ. Пуужингуудыг орон нутгийн цагаар 9 цаг 06 минутад болон 9 цаг 27 минутад Вонсан хот орчмоос Япон тэнгис рүү харважээ. Пуужингууд 70-200 км зайд ниссэн байна.


“Ким Жөн Ун ОХУ-д айлчилсны дараахан пуужин харвасныг та бүхэн харлаа. Владимир Путинтэй хэлэлцээ хийснийхээ дараахан тэрбээр ийм шийдвэр гаргасан” гэж Помпео телевизийн “CBS” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.  


АНУ ямар хариу арга хэмжээ авахаа хэлэлцэж байна гэж тэрбээр нэмж хэлсэн боловч талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх хэлэлцээгээ үргэлжлүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үзэж байгаагаар цөмийн зэвсгээс ангижрах тухай гэрээг БНАСАУ-тай байгуулах боломжтой бөгөөд энэ нь тус улсад эдийн засгийн хувьд асар их ашиг авчирах ажээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, талууд хоёр талын хамтын ажиллагаа болон аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцсэн юм.


 


Холбоотой мэдээ