“Баруун-Од” клубын хүүхдүүд осолд орж нэг нь амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-02 23:37:24

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн 16 хүртэлх насны “Баруун-Од” клубын хөвгүүд УАШТ-нд оролцоод буцаж явахдаа Завхан аймгийн нутагт энэ сарын 1-нд авто осолд орж нэг тоглогч харамсалтайгаар амиа алдсан байна. Увс-Улаанбаатар-Увс чиглэлийн зорчигч тээврийн автобус 45 зорчигч тээвэрлэж явсны тэн хагас нь “Баруун-Од” клубын тоглогч хүүхдүүд, багийн албаны хүмүүс байжээ. 

Тэдний дундаас багийн тоглогч Б.Очирбат болон уг автобусны жолооч нар амиа алдсан эмгэнэлт явдал болсон байна.

Увс аймгийн “Баруун-Од” клубын тамирчид 2019 оны 16 хүртэлх насны УАШТ-ий дөрөвдүгээр байрт ороод явж байсан нь энэ юм. Увс аймгийн энэ насны хөвгүүд өнгөрсөн гуравдугаар сард Дархан-Уул аймагт болсон “Футзалын үндэсний цом” тэмцээнд түрүүлж, өмнөх жилүүдэд УАШТ-ээс мөнгөн медаль хүртээд байсан хүчирхэг баг юм. Багийн тоглогчид болон зорчиж явсан хүмүүс бэртэл авсан ч азаар дахин хүний амь нас хохироогүй байна.

Б.Очирбат хүүгийн ар гэрийнхэнд Увс аймгийн болон Монголын хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлсээр байна.

 

Холбоотой мэдээ