АТГ-ын дарга, дэд даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-01 13:30:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, АТГ-ын дарга, дэд даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив. 


Хуралдааны эхэнд Монгол Улсын ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулахдаа, АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлснийг хэлээд, АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох ерөнхийлөгчийн саналыг журмын дагуу хэлэлцэхийг хүслээ. Мөн тэрээр, нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтыг танилцуулж, тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасныг онцлов. 



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуулийн байгууллагаар олон жил ажилласан туршлагад нь үндэслэн нэр дэвшигчдийг томилоход татгалзах саналгүй байгааг хэлээд, одоо байгаа дарга нарыг УИХ-ын тогтоолоор чөлөөлдөг гэдгийг онцлов. Мөн Үндсэн хуулийн цэц одоо байгаа дарга нарын бүрэн эрх дууссан эсэх асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа гэв. Түүнчлэн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга нарыг чөлөөлөх хууль баталсан гэдгийг тодотгоод, тус зөвлөлийн зөвлөмж гарсан эсэхийг тодруулав. 


ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд, Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлыг долоон сард хүргүүлсэн ч шийдвэрлээгүй өдийг хүрсэн гэдгийг хэлж, тус цэц ажлаа хийгээгүйгээс ийм байдалд хүрснийг тэмдэглэв.


ЕТГ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлэх бөгөөд томилох, чөлөөлөх нь УИХ-ын үүрэг гэдгийг хэлээд , ҮАБЗ-ийн зөвлөмж гараагүй гэв. Учир нь хуулийн салаа утгаараа АТГ-ын удирдлагуудыг УИХ томилох, чөлөөлөх асуудлыг нэг тогтоолоор шийдвэрлэх боломжтойг тайлбарлав.


УИХ-ын гишүүн Н.Оюундарь, өчигдөр болсон томилгооны асуудлаарх ХЗБХ-ны нээлттэй хэлэлцүүлгээр, ТББ, иргэний нийгмийн байгууллагаас АТГ-ыг ил тод, шударга, хараат бус байх шаардлага тавьсныг тодотгоод, АТГ-ын удирдлагаар нэр дэвшигчдээс дээрх шаардлагыг хэрхэн ажилдаа тусгахыг асуув.


АТГ-ын даргад Нэр дэвшигч З.Дашдаваа, "Миний бие өчигдөр ХЗБХ-ны нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон. 70 орчим ТББ-ын төлөөлөл оролцож, АТГ-ын ажлыг иргэдэд нээлттэй болгох санал тавьсан. Мөн АТГ-тай хамтрах ТББ-ын оролцоог нэмэгдүүлэхийг хүссэн. Дээрх саналыг хэрэгжүүлэх бүрэн боломжтойг хариулсан. Мөн нийгэмд дуулиан тарьсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан. Хэргийг шалгах ажлыг эрчимжүүлэхэд ХОМ-ийг шалгах шаардлага бий гэж үздэг. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн ХОМ-т үнэлгээ хийж тогтооно. Мөн иргэдийн мэдээллээр шалгана. Түүнчлэн ХОМ-ээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүсийн орлогыг хянахаас биш зарлагыг шалгахгүй байгаа юм. Үүнийг шалгаж үзэхэд буруудахгүй гэж бодож байна. Энэ байдлаар ажиллана гэж төлөвлөж байгаа" гэв.  


АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан, "Эрүүгийн хуулиар хууль бусаар хөрөнгөө тайлбарлаж чадаагүй үед гэм буруутай гэж үзнэ гэж заасан. Энэ хуулиар эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн практик тун ховор. Тиймээс АТГ-ын дэд даргаар томилогдсон тохиолдолд, дээрх асуудалд шаардлагатай мэдээллийг судлаж ажиллахад бэлэн байна" гэлээ.


УИХ-ын гишүүн С.Бямбацогт, чөлөөлөгдөж байгаа дарга нараас дуулиантай хэргүүдэд хэрхэн ажилласан талаар тодруулав. 


АТГ-ын дарга Х.Энхжаргал, "Өнгөрсөн 2 жил 10 сарын хугацаанд бүх зүйл нийтэд ил тод байсан. Авлигын индекс 73-103 болж өсөөд энэ жил 93 болсон. Үүнд олон шалтгаан нөлөөлж байна. Хамгийн их нөлөөлж байгаа асуудал нь гадаадаас олон бонд зээлж аваад, түүнийгээ замбараагүй үрсэн. 33 их наяд төгрөгөө өршөөлийн хуулиар өршөөчихсөн. Энэ асуудал олон улсын байгууллагад очоод, манай улсын нэр хүндийг унагаадаг. АТГ-ын даргаар ажиллахдаа, олны анхаарал татсан хэргүүдийг шалгаад тодорхой үр дүнд хүрсэн гэж бодож байна. ҮАБЗ-ийн тэргүүн, УИХ-ын дарга, ЭЗБХ-ны даргад Оюутолгойтой холбоотой ноцтой асуудал хөндсөн. Үүнийг нууцлалд оруулж шалгахыг хүсээгүй. Энэ хэргийг шалгаж байх үед үндэстэн дамнасан томоохон корпорациудтай янз бүрээр тэмцсэн. Монголчууд ойлгохгүй гэж басах байдлаар хандаж байсан ч бид амжилттай шалгасан. Үүнийг цаашид үргэлжлүүлээд явах хэрэгтэйг хэлмээр байна. Бусад анхаарал татсан хэргүүдийг өнөөдөр 15.00 цагт УЕП-тай уулзахдаа 3 боть 69 хэргийг тайлагнана. Төрийн ордонд Эрүүгийн хэрэг ярих эрхгүй" гэлээ. 


Гишүүд асуулт асууж тайлбар авч дууссан тул АТГ-ын шинэ дарга нарыг томилох санал хураав. АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг гишүүдийн 84.6 хувь, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувийн саналаар дэмжив.


Дараа нь АТГ-ын дарга нарыг чөлөөлөх асуудлаар санал хураав. АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 83.3 хувь дэмжлээ. Ийнхүү ХЗБХ-ны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэхээр шийдвэрлэв.


АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа:

Мэргэжил: Эрх зүйч,  хууль зүйн ухааны магистр

Боловсрол:

-1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль

-МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

-1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;

-1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,

-2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;

-2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;

-2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;

-2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;

-2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;

-2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн дарга

-Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан:

Боловсрол:

-Цагдаагийн дээд сургуулийг Хуульчэрх зүйч мэргэжлээр төгссөн

-ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга

-2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга

Холбоотой мэдээ