Олон хүний амьдралыг гэрэлтүүлж, нүүрэнд нь мишээл тодруулсаар буй “Бүс ба Зам”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2019-05-01 09:36:59
@ShoovdorBatbold

БЭЭЖИН. /Синьхуа/. Гэрэл зургийн цомогт нь буй гандаж цайсан зургууд бол Туланбай Курбановын хамгийн эрхэм зүйлсийнх нь нэг.  Киргизстантай залгаа Узбекистаны хилийн ойролцоох Ферганы хөндийн зүүн өмнөд захад орших төрөлх нутаг Андижан хотдоо өнгөрүүлсэн хүүхэд ахуй цагийн дурсамжаа тэрбээр эдгээр зургийг харж л хоёр охинтойгоо хуваалцдаг. 

Хуучирч гандсан энэ гэрэл зургууд аавыг нь догдлуулж, нүүрэнд нь инээмсэглэл тодруулдгийг өдгөө Узбекистаны нийслэл Ташкент хотноо аав Курбановынхаа хамт амьдарч буй долоон настай Зарингиз, гурван настай Мехрангиз нар андахгүй. Курбанов хоёр охиндоо төрөлх нутаг Андижан хотоо хараахан үзүүлж чадаагүй л байна.



БНХАУ-ын дарга Си Зиньпин 2017 оны 5 дугаар сарын 14-нд Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны форумын нээлтийн ёслолын үеэр үг хэлж буй нь.  (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ма Жанчөн)


Гэртээ харих хялбар зам

Курбанов төрөлх нутгаа сүрлэг уулс, цэвэр агаар, амтат жимс болон асар их ашигт малтмалтай “гайхамшгийн орон” гэж нэрийднэ.

Гэхдээ огцом хад цохиотой уулс нь Ферганы хөндий дэх хамгийн эртний хотуудын нэг Андижан болон гадаад ертөнц хоорондын харилцаа холбоог хаагаад байсан юм.

Курбанов төрөлх нутаг Андижан руугаа явах бүрдээ Тажикистанаар дамжихаас өөр аргагүйд хүрч, хоёр шалган нэвтрүүлэх цэгээр дайран бүтэн өдрийг бардаг байв. 

Анх 1990-ээд оны үед Өрнөдийн зарим улс Курамын уул нуруудыг сэтлэн туннель барин Узбекистанд туслахаар төлөвлөж байсан юм. Гэвч инженерчлэлийн бүх компани судалгааны шатандаа л шантарч байжээ.

Саад тотгортой зам туулж, их ядарч очдог учир Курбанов хүүхдүүддээ Андижан хотыг үзүүлэх гэж хүчилдэггүй байжээ. Гэхдээ хоёр охиндоо төрөлх нутгаа үзүүлэхэд түүнд саад болж байсан асуудал тийм ч удалгүй шийдвэрлэгдсэн юм.

“Хятадын төмөр замын туннель групп” корпораци болон “Узбекистаны төмөр зам” компанийн ажилтнуудын хамтын хүчин чармайлтын ачаар 2016 онд 19.2 км урттай Камчикийн туннель ашиглалтад орсон юм. Төв Ази дахь энэ төрлийн хамгийн урт туннель гэгдэж буй Камчикийн туннелийг барихад гурван жилийн хугацаа оржээ. Энэ туннель нь Ташкентыг Узбекистаны зүүн нутагтай холбодог Ангрен-Папын 169 км урт төмөр замын шугамын нэг хэсэг билээ.

Курбанов хэлэхдээ “Энэ туннелийн ачаар одоо Курамын уулсыг галт тэргээр туулахад ердөө 15-хан минут л байхад хангалттай болсон бөгөөд Ташкентаас Андижанд очих хугацаа зургаа хүрэхгүй цаг болж багассан” гэв.

Зам саад бартаагүй болсны ачаар Зарингиз, Мехрангиз нар аавынхаа төрөлх нутагт очих, төрөлх нутгийнхаа талаар ярихдаа аав нь яагаад тийм их догдолж баярладгийг мэдэх, Ферганы хөндийн үзэсгэлэнт байгалийг өөрийн нүдээр харах боломжтой болоод байна. 

“Камчикийн туннель бол “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд БНХАУ болон Узбекистан нягт хамтран ажилласны дүнд гарсан томоохон ололт амжилт билээ. Мөн энэ нь манай хоёр улсын ард иргэдийн нөхөрлөл болоод хамтын ажиллагааны нэгэн шинэ холбоос болж байна” гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин 2016 онд Узбекистанд айлчлан тус туннелийн нээлтийн ёслолд оролцох үеэрээ хэлж байв.

Түүнчлэн, тус туннель нь Ферганы хөндийн амтат жимс гадаад зах зээлд шинэхнээрээ хүрэх боломжийг нээж, Андижаны худалдааны салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байна гэж нутгийн оршин суугчид ярьж байна.

Нийтээрээ хөгжин цэцэглэж, бусад улс оронтой харилцан ашигтай хамтран ажиллах зорилгоор 2013 онд БНХАУ-ын санаачилсан “Бүс ба Зам” нь дэд бүтцийн хөгжил, худалдаа, хөрөнгө оруулалт болон иргэд хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэх зэрэг олон салбарыг хамарсан томоохон санаачилга билээ.



БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай 2018 оны  6 дугаар сарын 10-нд Хятадын   зүүн   нутгийн   Шаньдун   мужийн   Циндао   хотноо уулзаж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Янь Янь)


Супер ногоон эрчим хүч

Бразилын хойд нутагт орших Амазоны ширэнгэн ой бүхий Пара мужийн Анапу хотын нөхцөл байдал ч мөн “Бүс ба Зам” санаачилгын ачаар өөрчлөгдөн сайжирч байна.

“Энэ муж маш ядуу буурай, тулгамдсан маш олон асуудалтай байсныг хүмүүс сайн мэднэ” гэж Бразилын байгаль орчны мэргэжилтэн Марсело Пеллетт “Синьхуа”-д ярилцлага өгөх үеэрээ хэлэв.

Пеллеттийн хэлснээр, 2016 онд Хятадын ажилчид эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр тэнд очсоноос хойш нутгийн иргэдийн аж амьдрал аажмаар сайжирсаар байна.

Хятадын “State Grid Brazil Holding” компани тус мужид хэт өндөр хүчдэл дамжуулах нэг шугам, мөн цахилгаан дамжуулах ердийн тулгуур баганын дундаж хэмжээнээс даруй 25 метрээр өндөр буюу 105 метр өндөр тулгуур багануудыг барьсан байна.

“Тус компанийн гаргасан хүчин чармайлт нь төслийн өртгийг ихээхэн нэмэгдүүлсэн ч энэ бүтээн байгуулалт нь эх дэлхийн “ногоон уушги” гэгддэг Амазоны ширэнгэн ойг хамгаалахад ихээхэн ач холбогдол бүхий ажил болсон” гэж төслийн  цахилгаан дамжуулах шугам барих ажил хариуцсан туслах менежер Ян Гуанлян ярив.

Төслийг анх хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан газраас хэд хэдэн археологийн олдвор олдсоноос гадна тоть шувуу тэр хавьд олноороо байсантай холбоотойгоор тус компани төсөл хэрэгжүүлэх газраа хэд хэдэн удаа өөрчилсөн гэнэ.

“Хятад ах дүүс бидэнд дэд бүтэц барьж өгөөд зогсохгүй манай Пара мужийн иргэдэд тусалж, ургамал, амьтан болоод ширэнгэн ойг маань хамгаалсан. Бид тэдэнтэй сайн найзууд болсон.” гэж Пара мужийн 13 настай оршин суугч Уильям Пауло Сантос нүүр дүүрэн инээмсэглэн ярилаа.

Хятадын компанийн хэрэгжүүлсэн эрчим хүчний төслийн хүрээнд Пара мужийнхан цэвэр эрчим хүч хэрэглэдэг болоод зогсохгүй нутгийн 16 мянган иргэн ажлын байртай болж, Бразилын цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, тус улсад 2000 орчим км урт авто зам болон 350 гүүр шинээр баригдсан байна. 



Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Хятадын тусламжаар баригдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв”-ийн гаднах үзэмж. Тус байгууламжийг 2019 оны 1 дүгээр сарын 24-нд Монголын талд хүлээлгэн өгөх үеэр авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Асхан)


Нэгэн жигд зүрхний цохилт 

Үе тэнгийнхэнтэйгээ хамт хөл бөмбөг тоглох нь Афганистаны зүүн өмнөд нутгийн Хост мужийн Харун Хиль тосгоны оршин суугч Билал Шафик хүүгийн мөрөөдөл юм.

Хүүг зургаан настай байхад буюу 2016 онд зүрхний төрөлхийн эмгэгтэй болохыг оношилж тогтоосон байна. 

“Хүүг мэс засалд оруулахад 9000 орчим ам.доллар шаардлагатай гэхийг сонсоод бид маш их сэтгэлээр унасан. Учир нь энэ бол манайх шиг тарчигхан амьдралтай айлын хувьд асар их хэмжээний мөнгө юм. Бид анх яах учраа олохгүй байсан” гэж Билалын аав ярив.

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үзэж, улмаар хамгийн хүнд гэсэн хүүхдүүдийг сонгон Хятадад аваачиж үнэ төлбөргүйгээр хагалгаа хийхээр Хятадын эмч нарын баг 2007 оны наймдугаар сард Кабул хотод хүрэлцэн очсон нь энэ тарчигхан амьдралтай гэр бүлийнхний итгэл найдварын очийг бадраасан байна.

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр эмчилж өгөх энэ үйлчилгээ нь Хятадын Улаан загалмай нийгэмлэгийн сангийн “Бүс ба Зам- Сахиусан тэнгэрийн аялал Афганистанд” хэмээх хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах зорилго бүхий хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн нэг хэсэг байв.

Уг хөтөлбөрийг хариуцсан захирал Лю Зинзиний хэлсэнчлэн, энэхүү хөтөлбөрийн эхний шатны зорилго нь зүрхний төрөлхийн гажигтай 0-14 насны 100 афган хүүхдийг Хятадад аваачин үнэ төлбөргүйгээр эмчлэх байсан юм.

Азаар Билал хүү энэ хөтөлбөрт хамрагдаж, 2017 оны есдүгээр сард БНХАУ-ын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны нийслэл Өрөмч хотод хагалгаанд оржээ. Хагалгаа маш амжилттай болж, бяцхан хүү хөл бөмбөг тоглох мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон байна.

“Давхаартай, том, бор нүдтэй Билал хүү байнга инээмсэглэж явдаг. Хүн бүр рүү инээмслэглэсэн харцаар хардаг. Энэ хүү бусадтай ярилцах дуртай. Хүмүүс ч түүнд маш их хайртай” гэж Лю эмч ярив.

Хятадын эмч нарын баг хагалгаанд орсон хүүхдүүдийг эргэхээр Кабул хотод саяхан очсон аж.

Лю эмч ярихдаа “Бид Билал хүүгийн гэрт очиж, түүнийг үзсэн. Хүүгийн бие маш сайн байна” гэв. Тэр үеэр Билал хүү “Би том болоод Хятадад очиж сурч, эмч болохыг хүсэж байна” гэж ярьжээ.

Хятадын Улаан загалмай нийгэмлэгийн сангийн тусламжийн хөтөлбөрийн эхний шат 2018 оны эцсээр дууссан байна. Сонгогдсон 100 хүүхэд бүгд Хятадад амжилттай хагалгаанд орсон бөгөөд тэдний бие хурдан тэнхэрч байна. Хөтөлбөрийн хоёрдугаар шат одоо хэрэгжиж байгаа бөгөөд энэ шатанд Хятадын эмч нар илүү олон афган хүүхдийг эмчлэхээр төлөвлөөд байгаа аж. 


Нэгэн зурагчин Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Иу хотын Иу төмөр замын боомт дээр 2018 оны 10 дугаар сарын 27-нд дроноор зураг авч буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Тяньзинь)


Холбоотой мэдээ