Эх дагинын сүмийг сэргээн засварлах төлөвлөгөөг эсэргүүцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /NHK/. Гал түймэрт сүйдсэн Парисын Эх дагинын сүмийг таван жилийн дотор сэргээн засварлах тухай Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны төлөвлөгөөг 1000 гаруй мэргэжилтэн ил тодоор эсэргүүцсэн байна.
Уг төлөвлөгөөгөө цуцлахыг Э.Макронд уриалсан захидалд дотоод, гадаадын архитекторууд, музейн эрхлэгчид, эрдэмтэд зэрэг багтсан 1170 хүн гарын үсэг зурсан байна. Энэхүү захидлыг Францын “Le Figaro” сонин даваа гарагт нийтэлжээ.
"Улс төрийн хуанли нь хурдан ажиллагаа шаарддагийг бид мэднэ. Гэсэн хэдий ч түүхэн байгууламжийг сэргээн босгоход урт хугацаа шаардлагатай" гэж мэргэжилтнүүдийн захидалд онцолсон байна.
Дөрөвдүгээр сарын 15-ны орой Эх дагинын сүмд дэгдсэн гал түймрийн улмаас сүмийн орой болон дээврийн гуравны хоёр орчим хэсэг сүйдсэн билээ. Энэхүү харамсалтай явдлын дараа Э.Макрон сүмийг сэргээн засварлах ажил Парис хотноо Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах жил буюу 2024 он гэхэд дуусна хэмээн амласан юм.