Сэтгэх чадварын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 09:56:54

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон төрөлт олимпиад Сүхбаатар аймагт амжилттай үргэлжилж байна. “Олимпиад гэдэг бол цэвэр чанарын өрсөлдөөн байдаг” гэж аймгийн Боловсрол соёлын газрын дарга Л. Байгалмаа тодорхойлсон юм.

2016 оны олон төрөлт олимпиадад 1500 гаруй багш сурагчид 33-38 төрлөөр өрсөлдөж байгаа. Хамгийн их хүнийг хамарсан, хамгийн их өрсөлдөөнтэй болдог төрөл бол сэтгэх чадварын олимпиад байдаг. Сүхбаатар  аймаг сэтгэх чадварын олимпиадыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа. Уг олимпиад нь СӨБ, ЕБС, насанд хүрэгчид гээд бүхий л насныхныг хамруулдагаараа онцлогтой. 2016 оны цэцэрлэг, сургууль, насанд хүрэгчдийн сэтгэх чадварын аваргууд тодорлоо.

Сүхбаатар аймагт хүүхдийн сэтгэх чадварыг багаас нь хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгүүдэд хүртэл IQ-ийн дугуйлан хичээллэдэг болсон. Жишээлбэл: Баяндэлгэр сумын хүүхдийн цэцэрлэгийн 8 бүлэгт 240 хүүхэд суралцдаг, тэдгээрээс 35 хүүхэд нь IQ-ийн дугуйланд хичээллэдэг. Тус цэцэрлэгийн  хамт олны хувьд жилийн жилд сэтгэх чадварын олимпиадад маш амжилттай оролцдог. Энэ жил гэхэд 3 хүүхэд, 1 багш нь медальт байранд шалгарчээ. 

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ