Газрын диваажин Хайнань

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-04-22 15:58:58

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын хэвлэл мэдээллийн Синьхуа агентлаг Хайнань мужийн Ардын Засгийн газартай хамтран Хятад улсад ажилладаг гадаадын сэтгүүлчдэд Хайнань мужийг танилцуулах аялал зохион байгууллаа.

Энэ сарын 8-12-нд болсон аялалд Монгол, Франц, ОХУ, Малайз, Япон, Португал, Англи зэрэг улсын 10 гаруй сэтгүүлч оролцсон юм.


Бид хөтөлбөрийн дагуу тус мужийн Эко программ хангамжийн парк, Шань И технологийн компани, Фү Шинь олон улсын инновацийн төв, Боао дахь И Лин эмчилгээ, сувилгааны төв, Лө Чөн олон улсын эмчилгээ, аялал жуулчлалын бүс, Лин Шүй орчин үеийн хөдөө аж ахуйн бүс, Сан Я хотын 7-н одтой Атлантис зочид буудал, Дэлхийн хамгийн том Татваргүй барааны дэлгүүр, Ли болон Миао үндэстний суурин зэрэг газартай танилцав.

Хайнань муж нь Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрладаг арал юм. Газар нутгийн хэмжээ нь 33900 хавтгай дөрвөлжин километр. Есөн сая гаруй хүн амтай. Өнгөрсөн оны байдлаар, тус мужийн ДНБ-ий хэмжээ 483.2 тэрбум юань, үүнээс нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 52 мянга орчим юань байжээ. Хайнань мужийн эдийн засгийн гол салбар нь аялал жуулчлал болон газар тариалан юм. Өнгөрсөн онд Хайнань муж давхардсан тоогоор дотоод гадаадын 76 сая гаруй жуулчин хүлээн авч, 95 тэрбум юанийн орлого олсон байна.

Хайнаньд 4-9 сард хүн харьцангуй бага бөгөөд бараа бүтээгдэхүүний хувьд харьцангуй хямд улирал нь байдаг. 10-р сараас 3-р сарын хооронд аялал жуулчлалын оргил үе таардаг учраас өртөг нь хэд дахин нэмэгддэг.


             Эко програм хангамжийн парк

Хайнань мужийн Ардын Засгийн газар, Хятадын Цахим мэдээллийн аж үйлдвэрлэлийн групптэй хэлэлцээр байгуулснаар анх 2007 онд тус паркыг байгуулах үндэс тавигдаж байжээ. Улмаар 2009 оны 10-р сараас бүтээн байгуулалтын ажил нь эхлэж байсан.


Тус парк нийтдээ 16.5 км кв талбайг хамрах бөгөөд ажил, амьдрал, худалдаа, боловсрол, эмнэлгийн үйлчилгээний нэгдсэн цахим сүлжээтэй “бичил хот” юм. Мөн Хайнань мужийн цахим аж үйлдвэрлэлийн хамгийн чухал газар юм.

Энэ оны 2-р сарын байдлаар тус паркад нийт 3698 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, Tencent, Жи Ли спортын брэнд, Бай Ду зэрэг томоохон компаниуд 10 тэрбумын төслүүд хэрэгжиж байгаа аж. 


            Шань И технологийн компани

Шань И компани Эко программ хангамжийн паркад үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийг 2015 онд байгуулсан. Шань И компанийн бүтээсэн гол технологи бол флаш гэрлийн тусламжтай аливаа төлбөр тооцоо хийх, хаалга онгойлгох, метронд суух зэрэг одоо Хятад улс болон дэлхий даяар түгээмэл ашиглаж буй QR кодыг орлох технологийг зохион бүтээжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хэрэглэгч гэрэл уншигч тусгай машин руу өөрийн гар утасны эсвэл тусгай чипийн гэрлийг анивчуулахад баталгаажиж үйлдэл хийгдэнэ.

Хэрэглэгч нь гар утсан дээрээ тус компанийн аппликейшныг суулган флаш гэрлийн ID авна. Эсвэл тус компанийн зохион бүтээсэн тусгай чипийг мөн хэрэглэж болох аж. Тус компани Хятадын Али пэй, Ви чат, Юнион пэй зэрэг томоохон төлбөр тооцооны компаниудтай гэрээ, хэлэлцээр байгуулжээ. Одоогоор энэхүү технологийг Хятадын Хан Жоу хотод туршилтын шугамаар ашиглаж байгаа аж.   



Саняа  дахь долоон одтой Атлантис зочид буудал

Саняа хотын Хай Тан эрэгт байрлах долоон одтой Атлантис зочид буудал дэлхий дээр хоёрхон байдаг. Эхнийх нь Дубай хотод байдаг бол Саняа хотод өнгөрсөн онд нээгджээ. Атлантис зочид буудал нь Саняагийн хамгийн үзэсгэлэнт эрэг болох Хай Танд 540 мянган метр кв талбайг эзлэн байрладаг. Зочид буудлын хамгийн хямд өрөө нь ачаалал бага байгаа энэ үед 2588 юаниас эхлээд 108 мянган юань хүрэх аж.

Тус буудал нь нийт 1314 өрөөтэй. Үүнээс хамгийн том өрөө нь 1061 метр квадрат талбайтай. Мөн Атлантис буудалд усан доорх орчинг харах боломжтой 5-н өрөө байдаг. Үнийн хувьд, эдгээр өрөөнүүд нь 58 000-108 000 мянган юань байдаг.

Атлантис буудлын бас нэгэн алдартай зүйл бол усан парк. Усан парк нь нийтдээ 200 мянган метр квадрат талбайг эзлэдэг. Мөн тус буудалд 86 мянган төрлийн далайн амьтантай далайн парк бий.

Зочид буудлын амрагчид усан парк болон далайн паркдаа цагийн хязгааргүй үнэгүй үйлчлүүлэх боломжтой байдаг бол гадны хүмүүс усан паркаар 358 юань, далайн амьтны паркаар 169 юань төлөөд үйлчлүүлэх боломжтой байдаг.



Саняагийн олон улсын татваргүй барааны дэлгүүр

Тус дэлгүүр нь 2014 оноос анх үйл ажиллагаа явуулж эхлэсэн бөгөөд дэлхий дээрх хамгийн том татваргүй барааны дэлгүүр юм.

2011 оны 4-р сараас эхлэн Хайнань мужид татваргүй дэлгүүрийн бодлого хэрэгжиж эхлэсэн байдаг. Улмаар татваргүй барааны дэлгүүр нь илүү олон жуулчдын Хайнаньд аялах жуулчдын зайлшгүй очих газрын нэг болсоор ирсэн байна. Ингээд 2018 оны 11-р сарын 27-ноос эхлэн нэг хүн жилдээ 30 мянган юанийн барааг татваргүй барааны дэлгүүрээс худалдан авах боломжтой болгон нэмэгдүүлснийг Хятадын Сангийн яамнаас зарлажээ.

Одоогийн байдлаар тус дэлгүүрээр өдөрт 15 мянга гаруй үйлчлүүлэгч үйлчлүүлдэг байна. 2018 оны Хятадын Цагаан сарын баяраар 258 мянган хүн тус дэлгүүрээр үйлчлүүлж байжээ.

Ли үндэстний суурин

Ли үндэстэн нь Хайнань мужид хамгийн анх суурьшсан хүмүүс ажээ. Эдгээр хүмүүс нь 3000 жилийн өмнө модны хальсаар хувцас хийж өмсдөг байжээ.


Ли үндэстнүүд нь Хайнань мужийн төв болон урд хэсгээр амьдардаг бол хань үндэстнүүд голдуу хойд хэсгээр болон далайн эрэг орчмын газар нутгуудаар амьдарч байна.


Нутгийн уугуул үндэстний соёл, аж ахуйг харуулсан тус суурин нь Саняа хотын төвөөс 28 км-ийн зайд байрладаг.


Юань Лун Пиний тариалангийн талбай

Хятадын Хөнань мужийн уугуул Юань Лун Пин гэгч хүн анх усан тутраганы аргаар шинэ сортын будаа гаргаж авчээ. Тэрээр Хятадын Үндэсний Инженерийн хүрээлэнгийн академич, эрдэмтэн судлаач хүн юм.


Тэрээр 1960-аад оноос эхлэн энэ төрлийн судалгаагаа эхлүүлж байсан бөгөөд түүний гарган авсан шинэ сортын будаа нь ердийн будаанаас 20 хувиар илүү өсөлттэй байдаг. Энэ нь жилд 70 сая хүнийг хоол хүнсээр нь хангаж байна гэсэн үг юм. Тэрээр ийнхүү Хятадын олон хүн амын хоол ундны хүндхэн асуудлыг шийдвэрлэж чадсан юм. Энэ сортын будааг одоогоор дэлхийн 20-оод оронд нэвтрүүлээд байгаа аж. Тэрээр 20 гаруй гадаад, дотоодын нэр хүндтэй одон медалиар шагнагдаж байсан байна.

2016 оноос Саняа хотод дээрх туршилтын талбайг бий болгожээ.


И Лин эмчилгээ, сувилгааны төв, Лө Чөн олон улсын эмчилгээ, аялал жуулчлалын бүс

Хайнань муж аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд жуулчдад хэрэгцээтэй бүхий л салбаруудыг цогцоор хөгжүүлсэн байх аж. Тухайлбал, эмчилгээ, сувилгаа, татваргүй барааны худалдаа гэх мэт.

И Лин эмчилгээний төв нь Хайнань мужийн Чюн Хай хотын Боао сууринд байрладаг. Тус төв нь хятад ардын эмчилгээ, аялал, амралт, судалгаа, шинжилгээ, боловсролыг хослуулан эмчилгээ, судалгааг цогцоор хийдэг аж.


2017 онд үйл ажиллагаа явуулж эхлэснээс нь хойш 40 орчим мянган үйлчлүүлэгч тус төвөөр эмчлүүлжээ. Үүнээс 4000 гаруй нь гадаадын жуулчид байсан байна. Өнгөрсөн онд тус төвийн үйл ажиллагааны орлого 300 сая гаруй юань байсан.

            А.Анхбаяр

Холбоотой мэдээ