Оюутнууд гарааны бизнесийн мэдлэг эзэмшинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-18 17:05:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын баталсан “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Энтрепренер соёл ба гарааны бизнес” сургалтыг улсын хэмжээнд 500 оюутанд явуулна.  


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Старт” ХХК-тай хамтран ирэх сарын 15-ныг хүртэл АШУҮИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС-д 4 үе шаттай төрийн өмчийн 5, төрийн бус өмчийн 15 их, дээд сургуулийн оюутнуудад  зориулан дээрх сургалтыг зохион байгуулах юм. 


Оюутнуудад гарааны бизнесийн үндсэн ойлголт, мэдлэгийг олгох зорилготой тус сургалтаар оюутнууд энтрепренершипийн хөгжил улс орны хөгжилд үзүүлж буй нөлөө, түүний хүчин зүйлс ба ач холбогдлын талаар болон бизнес санаагаа оновчтой танилцуулах, багаа зөв бүрдүүлэх, зорилтот зах зээл, хэрэглэгчээ зөв сонгох, туршилтын бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүн хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, туршилт явуулах, бизнес төлөвлөгөөг стандартын дагуу бичих зэрэг үндсэн мэдлэгийг эзэмшинэ.


Старт компанийг 2011 оны 5-р сард Монгол Улсын гарааны бизнесийн экосистемийг дэмжих зорилгоор үүсгэн байгуулснаас хойш төрөл бүрийн хөтөлбөр, сургалтаараа дамжуулан гарааны бизнесийн экосистемийн оролцогчдыг дэмжин ажиллаж байна. Компанийн явуулдаг “Startup Weekend” бол “Techstars” компанийн загвар бөгөөд олон тооны сургалт, хурдасгуур хөтөлбөр зэргийг багтаадаг 70 гаруй удаагийн хөтөлбөрөөр 20 мянган гарааны бизнес эрхлэгч, 4 томоохон хэмжээний төсөл, 5 олон улсын үйл ажиллагаа, 400 гаруй төслийг дэмжжээ. Түүнчлэн “Startup Weekend”-ээс төрсөн 400 гаруй гарааны бизнес өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа аж.

Холбоотой мэдээ