Хоёр дахь "Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан" үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-12 14:17:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийн хоёр дахь номын сан Сонгонохайрхан дүүргийн 15 дугаар хороонд нээлтээ хийлээ.  


Сонгонохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар, дээрх төслийг 2 жилийн өмнө эхлүүлсэн бөгөөд дөрвөн газарт цэцэрлэгтэй хүрээлэнтэй номын сан байгуулах юм.


Нийт 120 ам дөрвөлжин талбайтай, 6000 орчим номтой энэхүү номын сан 9:00-18:00 цагт иргэдэд үйлчлэх юм. Хоёроос дээш насны бүх иргэд үйлчлүүлэх боломжтой тул бага насны хүүхдэд зориулсан зурагт номоос авахуулаад дэлхийн сонгодог, хууль дүрмийн эмхэтгэл ч номын санд байгаа юм.  

Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Иргэд амралт, чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд хүүхдээ салхилуулангаа ном унших нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон. Номын сан орж цаг алдалгүй гэрийнхээ ойр орчимд салхилах зуураа ном унших боломжтой. Энэ жилдээ багтаад дахин хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан барихаар төлөвлөсөн. Үүний нэг нь Толгойтод байх юм. Номын сан байгуулах санхүүжилтийг зам тавих, гэрэл суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн мөнгөнөөс илүүчилж байгаа. Нийслэлээс тусад нь төсөв гаргуулж байгуулна гэвэл нэг номын санд 300 гаруй сая төгрөгийн төсөв хэрэгтэй гээд байгаа. Ганц номын сан барихад ийм хэмжээний мөнгө төсөвлөх нь таатай биш учраас дүүрэгт хуваарилсан бүтээн байгуулалтын мөнгөнөөс илүүчилж энэ номын санг 150 орчим сая төгрөгт багтаан байгууллаа” гэв.  

Номын сангийн номнуудыг дүүргийн иргэд болон төрийн албан хаагчид, байгууллага хамт олны хандиваар цуглуулсан бөгөөд ном хандивлах аян цаашид ч үргэлжилж дараагийн 2 номын сангийн номын фондыг бүрдүүлэх аж.

 




Холбоотой мэдээ