Узбекистан Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-12 13:14:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан Улсад ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тус улсын Хөдөө аж ахуйн сайд Ж.А.Ходжаевтай өдөр уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.


Узбекистан улсын Хөдөө аж ахуйн сайд Ж.А.Ходжаев Хөдөө аж ахуйн яам хооронд ажил хэргийн хэлхээ холбоо тогтоож, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт бичиг байгуулах нь зүйтэй хэмээн уулзалтын эхэнд онцлов. Тэрээр , "Узбекистаны хөдөө аж ахуйн салбарт тус улсын хөдөлмөрийн хүн амын 60 хувь ажилладаг бөгөөд энэ салбарт инновацийг нэвтрүүлж, кластерийг хөгжүүлэх нь чухал зорилт болж байгаа. Узбекистаны хөдөө аж ахуйн яамны дэргэд энэ салбарын боловсон хүчинг бэлтгэдэг академи, коллеж байдаг бөгөөд Монголоос оюутан хүлээн авч сургах боломжтой" хэмээн дурдав. Дэлхийн 80 гаруй улсад жимс, жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоо экспортолдог Узбекистан манай улсад хүнсний эко бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойгоомөн илэрхийллээ.


Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс малын гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойг тэмдэглээд мал эмнэлэг, хорио цээрийн асуудал хариуцсан байгууллагуудаа шууд холбож ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


Мөн өдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Узбекистаны Аялал жуулчлалын Улсын Хорооны дарга А.У.Аккулов, Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тэргүүн дэд сайд Л.Ш.Кудратов нартай уулзав. Узбекистаны Аялал жуулчлалын Улсын Хорооны дарга А.У.Аккулов Узбекистанд аялал жуулчлал сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа нь төр засгаас энэ салбарыг татварын болон төсвийн дэмжлэг үзүүлдэгтэй холбоотой хэмээгээд Аялал жуулчлалын сан байгуулж, улс орныхоо сурталчилгааг хийж байгаа талаараа танилцуулав. Тэрээр мөн манай хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд зориулж Узбекистантай танилцах аялал зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.


Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тэргүүн дэд сайд Л.Ш.Кудратов Узбекистанд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлд дэс дараатай арга хэмжээ авч байгааг дурдаад Монголын хөрөнгө оруулагчид, бизнесменүүдтэй хэлхээ холбоо тогтоож, хамтарсан форум, уулзалтыг Ташкент, Улаанбаатар хотуудад зохион байгуулах санал дэвшүүлэв.

Холбоотой мэдээ