Эрүүл ахуйн шаардлага хангаагүй махыг хуурамч бичиг баримтаар Улаанбаатар хотод оруулахыг завджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-10 16:57:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотод 20 гаруй тонн эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхрийн мах оруулахыг завдсаныг Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх пост дээр илрүүлэн энэ сарын 8-ны өдөр саатуулсан байна. Уг асуудлаар өнөөдөр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газрын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, "Уг асуудлаар зөрчлийн хэрэг нээж шалгаж байна. Шалгалтын явцад эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх махыг Өлгий сумын иргэн М цуглуулж, нууцаар тээвэрлэсэн нь тогтоогдсон бөгөөд Улаанбаатар хотоос Б гэгч иргэн 60 гаруй сая төгрөг өгч бэлтгүүлжээ. Гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэнээр хүлээж авах компани нь Хятадын компани байна. Махны дагалдах гарал үүслийн гэрчилгээг малын эмч О-гоор хуурамчаар үйлдүүлсэн нь гэрч, холбогдогч нарын мэдүүлгээр нотлогдсон. Тухайн бичиг баримтад мал эмнэлгийн улсын байцаагч нарын 2003 оноос өмнө ашиглаж байгаад одоо хүчингүй болсон тэмдгийг дарж, гарын үсгийг хуурамчаар зурсан байна. Хураасан махыг одоо Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулж байгаа ба шинжилгээний дүнг үндэслээд хэрхэхээ шийдвэрлэнэ" гэлээ.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч К.Асаны тайлбарласнаар дээрх махыг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын 4-ний өдрийн хооронд мах, түүхий эдийн ченжүүдийн оролцоогоор бэлтгэжээ. Үүнийг мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжилгээнд хамруулаагүй бөгөөд малын эмч махыг үзэж харалгүйгээр гарал үүслийн гэрчилгээ бичиж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн иргэн М-ийн нөхөр М нь 500 кг үхсэн малын махыг бэлтгэн хадгалж байсан нь өнгөрсөн хоёрдугаар сард шалгалтын явцад илэрч Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулж байжээ.

Үхсэн малын мах бэлтгэж тээвэрлэсэн гэх хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа бөгөөд гэмт хэргийн шинж агуулсан байвал цаашид эрүүгийн гэрэг үүсгэн шалгах ажээ. 

Холбоотой мэдээ