Намуудын санхүүжилтийг нээлттэй болгох талаар хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-03 17:22:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс өнөөдөр “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдлийн үнэлгээ” хэлэлцүүлгийг зохион байгуулж, дээрх сэдвээр хийсэн судалгааны дүнг сэтгүүлчдэд танилцуулав.

Монгол Улсын Улстөрийн намын тухай хуулийн “Намын санхүүжилтийг жил бүр аудит хийж, баталгаажуулан олон нийтэд мэдээлнэ” гэсэн заалт амьдралд хэрэгжихгүй байгааг улстөр судлаач, доктор Э.Гэрэлт-Од хэлэв.

Тэрбээр, “УИХ-аар Улстөрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж буй энэ үед улстөрийн намуудын санхүүжилтийн талаар хэлэлцэж буй нь цагаа олсон сэдэв бөгөөд намууд санхүүжилтээ гишүүд, олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй тайлагнаж байх, түүнийг нь хянаж байх, улмаар санхүүжилтийн зөрчилд хариуцлага хүлээж байх талаар хуульд нэмж тусган шинэчлэх зүйл байгаа”-г онцлов. “Өнөөдөр улстөрийн намууд гишүүнчлэлийн татвараас илүү сонгуулиар болон бусад үед авдаг хандиваар “амьдарч” байгаа”-г тэмдэглэж, Улстөрийн намын тухай хууль өөрчлөгдөхгүй, урагшлахгүй байгааг улстөрчид өөрчлөлт шинэчлэлийг хүлээн авах хүсэл эрмэлзэлгүй байгаатай холбож байв.

Хэлэлцүүлэгт намуудын авлигын эрсдэлийн талаар илтгэл тавьсан “Трансперенси интернейшнл Монгол” байгууллагын төлөөлөгч О.Батбаяр Монгол дахь улстөрийн намууд авлигын эрсдлийн үнэлгээг нэн түрүүнд хийлгэх шаардлагатай байгааг онцолж байв. Тэгвэл “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийн тэргүүн Ч.Сосормаа, “Өнөөдөр намуудын санхүүжилт ил тод биш байгаа нь түүнийг хэн яаж хянахыг хуульд нарийн тусгаж өгөөгүйтэй холбоотой. Наад захын жишээ гэвэл, улсын төсвөөс улстөрийн намуудыг дэмжиж мөнгө өгдөг ч тэрийг нь юунд яаж зарцуулж байгаа нь тодорхой бус байдаг. Уг нь намуудын хөгжилд зарцуулж байх учиртай. Үүнийг хуульд тусгах хэрэгтэй байгаа”-г онцолж байв.

“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс хараат бус судлаачдын багийн хамт хийсэн “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эсрэг үнэлгээ” судалгааг Азийн сан дэмжжээ.

Холбоотой мэдээ