Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-04-03 13:24:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Улаанбаатар хот дахь төв салбарт энэ сарын 1-нд зочлон, Тайванийн Засгийн газрыг төлөөлөн 30 ширхэг тэргэнцэр болон алхуулагч зэрэг хандивын эд зүйлсийг тус холбоонд хүлээлгэн өглөө.

Төлөөлөгч Хуан Куо Рун эдгээр тэргэнцэр болон алхуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлээд зогсохгүй аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулна гэж найдаж буйгаа илэрхийлэв.  

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Ц.Мөнхсаруул, Тайванийн иргэдийн халуун сэтгэлийн дэмжлэгт чин сэтгэлийн талархал илэрхийлээд, энэ удаагийн хандиваар хүлээн авсан эд зүйлсийг ойрын хугацаанд тусламж нэн шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гарт хүргэх болно хэмээв.

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Ц.Мөнхсаруул саяхан төлөөлөгч Хуан Куо Рунтай хийсэн уулзалтын үеэр тус холбооны зарим гишүүний тэргэнцэр хуучирч муудсан төдийгүй зарим тохиолдолд тэргэнцрийг хадаасаар бэхэлж, засаж сэлбэн хэрэглэж байгааг дурдсан юм. Төлөөлөгч Хуан Куо Рун хуучирч муудсан тэргэнцэр ашиглах нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд өнгөрсөн онд Тайванийн Пү Сиэнь боловсролын сан буяны байгууллагаас хандивласан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр, таяг, алхуулагч зэргээс тус холбоонд хандивлахаар болсон юм. 

Холбоотой мэдээ