Махны үнийг бууруулахын тулд дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Хүчит шонхор зах дээр хонины мах нэг килограм нь 8300, үхрийн мах 9500 төгрөгийн ханштай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулбал, 5 хувиар нэмэгдсэн дүн юм.
Хяналтгүйгээр мах экспортод гаргаснаас махны үнэ өслөө гэх мэдээлэл ч бий.
Жил ирэх тусам нэмэгдэж байгаа махны үнийг цаашид бууруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ямар бодлого барьж байгаа талаар ХХААХҮЯ-ны газрын дарга Т.Гантогтохоос тодрууллаа.
Тэрбээр, “Монгол Улс 150 сая орчим долларын хөрөнгө
оруулалт махны салбараас олсон. Өнгөрсөн онд 70 мянга гаруй тонн мах экспортолсон
нь өмнөх оныхоосоо хэд дахин өссөн үзүүлэлт юм. Махны нийлүүлэлт өмнөх
жилүүдийг бодвол багассан. Цаашид махны үнийг хямдруулахын тулд дотоодын махны
нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна” гэв.
Хавар махны
нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг хязгаарлахын тулд нөөцийн мах худалдаанд
гаргадаг. Өнгөрсөн жил 12 мянган тонн мах худалдаанд гаргасан. Харин энэ жилийн хувьд
одоогийн байдлаар мах бэлтгэдэг 3 компани шалгарч, 4 мянган тонн нөөцийн мах бэлтгэх
боломжтой болжээ.
2019 оны төсөвт нөөцийн
мах бэлтгэх аж ахуйн нэгжид хүүгүй хөнгөлөлт олгоход 4.6 тэрбум төгрөг төсөвлөсөн
байна. Гэсэн ч компаниуд оролцох нь багасжээ. Салбар яамнаас 10 мянган тонн
нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөж байсан ч энэ хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай
болжээ. Хэдийгээр нөөцийн мах нь үнэ буурахад шууд нөлөөлөхгүй ч тогтворжуулахад
ихээхэн ач тустай байдаг юм.