Хоёр дахь шатны сонгуулиар Украины Ерөнхийлөгч тодорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-01 16:31:56

КИЕВ. /TASS/. Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс нэг нь ч сонгогчдын олонхын саналыг авч чадаагүй болохыг тус улсын Сонгуулийн төв хороо /СТХ/ саналын хуудсын 60 хувийг тоолж дууссаны дараа албан ёсоор мэдэгджээ.


Украинд ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль явуулах нь тодорхой боллоо гэж СТХ-ны дарга Татьяна Слипачук хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Одоогийн байдлаар Украины СТХ саналын хуудсын 62.72 хувийг тоолж дуусжээ. “Ард түмний зарц” намын дарга Владимир Зеленский сонгогчдын 30.40 хувийн саналыг авсан байна. Хоёрдугаарт, Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко 16.34 хувийн саналтайгаар оржээ. Түүний дараа "Батькивщина" намын дарга Юлия Тимошенко орсон байна. Тимошенкод сонгогчдын 13.09 хувь нь саналаа өгчээ.


Украины ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт 20 цагт дууссан байна. Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль дөрөвдүгээр сарын 21-нд болно.

Холбоотой мэдээ