АХАИББХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кайрат Сарыбайтай энэ сарын 6-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улс бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал,
тогтвортой хөгжил, итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд чухал ач
холбогдол өгч, хувь нэмэр оруулахыг зорьж буйг Төрийн нарийн бичгийн дарга
Л.Мөнхтүшиг тэмдэглээд, цаашид АХАИББХ-тай илүү үр дүнтэй, идэвхтэй хамтран
ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг
шийдвэрлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг АХАИББХ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга К.Сарыбай өндрөөр үнэлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн,
бэхжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв гэж ГХЯ-наас мэдээллээ.