Оросын Тэнгисийн цэргийн флотыг 2050 он хүртэл хөгжүүлэх стратегийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-09 16:24:10

МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 9 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гарган Тэнгисийн цэргийн флотыг 2050 он хүртэл хөгжүүлэх стратегийг баталжээ. Стратеги төлөвлөлтийн ийм баримт бичиг орчин үеийн түүхэнд анх удаа батлагдаж байна гэж Ерөнхийлөгчийн туслах, Тэнгисийн коллегийн дарга Николай Патрушев “Аргументы и факты” сонинд ярилцлага өгөхдөө онцолсон байна.


Н.Патрушевын хэлснээр, В.Путин энэхүү шинэ стратегийг 5 дугаар сарын 30-нд баталсан байна. “Стратеги боловсруулах шийдвэрийг өнгөрсөн оны 7 дугаар сард Кремльд болсон зөвлөгөөний үеэр гаргасан. Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Батлан хамгаалах яам төслийг боловсруулж, холбооны агентлагууд, байгууллагуудын саналуудыг харгалзан Тэнгисийн коллеги нарийвчлан боловсруулсан” гэж тэрбээр ярьжээ.


Н.Патрушевын хэлснээр, уг баримт бичигт дэлхийн цэрэг-улс төрийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, "зэвсэгт мөргөлдөөн гарах магадлалтай хувилбарууд ба зэвсэгт мөргөлдөөнүүдийн шинж чанар онцлог, дэлхийд тэргүүлэх тэнгисийн цэргийн хүчинтэй гүрнүүдийн чадавх, нөөц бололцоод хийсэн үнэлгээ зэргийг тусгасан байна. Түүнчлэн Украины дайны явцад олж авсан туршлагад тулгуурлан ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын өнөөгийн байдал, хөгжлийн боломжуудыг үнэлжээ.

Холбоотой мэдээ