“МИАТ” ТӨХК Гуанжоу хот руу шууд нислэгээ нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-01 08:25:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Азийн чиглэлд зах зээлээ тэлэх, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх зорилгоор Гуанжоу хотын хуваарьт тогтмол нислэгийн анхны замаа өчигдөр нээлээ.


Зорчигчдоо зорьсон газарт нь аюулгүй найдвартай хүргэхээр Агаарын хөлгийн дарга Б.Амарсанаа, Ч.Гэрэлт-Од тэргүүтэй нисэх бүрэлдэхүүнтэй В737-800 агаарын хөлөг 22:40 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас Гуанжоу хотыг чиглэн хөөрөв.

МИАТ компанийн захирал Д.Баттөр, “Ийнхүү тус хот уруу шууд нисдэг болсноор хоёр улсын иргэд харилцан зорчиход нэн таатай нөхцөл бүрдэхээс гадна худалдаа бизнес, аялал жуулчлал, боловсролын салбар, цаашлаад БНХАУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих таатай нөхцөл бүрдэнэ” гэв.

Гуанжоу нь 12 сая оршин суугчтай, БНХАУ-ын дөрөв дэх том хот бөгөөд аялал жуулчлал, худалдаа бизнес өндөр хөгжсөн хот юм. Сүүлийн үед манай улсын иргэд “Canton Fair” үйлдвэр худалдааны үзэсгэлэнд оролцохоор Гуанжоу хот уруу олноор зорчдог болсон. Энэ өдрөөс эхлэн МИАТ компани зуны нислэгийн хугацаанд долоо хоногт 2 удаа буюу пүрэв, ням гарагт уг чиглэлд шууд нислэг үйлдэх юм.
Зөвхөн өнгөрсөн 2018 онд БНХАУ-ын 1,4 сая иргэн Google хайлтын программаар Монгол Улсад хэрхэн аялах тухай мэдээлэл хайж үзжээ. Энэ тоо Хятадын улсын зах зээлд амжилттай ажиллах боломж байгааг харуулж байна.


Холбоотой мэдээ