Баруун бүсийн Идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-30 21:44:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монголын Гар бөмбөгийн холбоо, Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан Идэрчүүдийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд шалгарлаа.

Аймгийн төв Алтай хотод гуравдугаар дугаар сарын 26-28-нд зохион байгуулсан уг тэмцээний эрэгтэй багийн төрөлд Ховд аймгийн баг тамирчид тэргүүн байр, удаах байруудад Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн баг тамирчид жагслаа. Тэгвэл эмэгтэй багийн төрөлд Говь-Алтай аймгийн баг тамирчид 2019 оны Идэрчүүдийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдгээр тодорч цом, алтан медалийг хүртсэн бол Завхан, Ховд аймгийн баг тамирчид удаах байруудыг эзэллээ.

Түүнчлэн “Шилдэг довтлогч”-оор Б.Тамир, Г.Саруулгэрэл , “Шилдэг холбогч”-оор П.Батмонгол, Б.Эрдэнэсувд, “Шилдэг тэгш тоглогч”-оор Р.Оргил, П.Хатанзаяа, “Шилдэг хаагч”-аар Ж.Гасыраш, Н.Урангоо нар шалгарсан юм.

Шагналыг Говь-Алтай  аймгийн Засаг даргын орлогч, тус аймгийн Гар бөмбөгийн холбооны тэргүүн Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Биеийн тамир спортын газрын дарга Н.Бямбацогт болон тэмцээний шүүгчид гардуулав.

Бүсээс шалгарсан дээрх багууд дөрөвдүгээр сард Ховд аймагт болох Улсын аварга шалгаруулах  тэмцээнд оролцох юм.


Холбоотой мэдээ