Их аварга Хакүхо М.Даваажаргал 42 дахь түрүүгээ авлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-03-24 22:00:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотын сумогийн ордонд Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Какүрюү М.Анандаар 15 дахь даваагаа авч 42 дахь түрүүгээ хүртлээ.


Хоёр аваргын барилдаан минут орчим үргэлжилж, Хакүхо давсан ч гартаа багагүй гэмтэл авсан юм. Харин түүний бэртлийг хурдан эдгэнэ байх гэж тайлбарлагчид хэлсэн байна. Хакүхогийн хувьд хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн бөгөөд хоёр тэмцээний дараа ийнхүү хүчтэй байгаагаа нотолж дахин түрүүллээ.


Хакүхо хаврын тэмцээнд ганцаараа 100 хувийн амжилт үзүүлсэн бол түүний араас Маэгаширагийн дөрвөөс барилдсан Ичиножёо А.Ичинноров 14 даваа, нэг унаатай удаалав. “Монголын үлэмж биет” гэгддэг Ичиножёогийн хувьд тэмцээний найм дахь өдрийн барилдаанд Озэки Гүржийн бөх Точиношинд ялагдсан. Тэрбээр сүүлийн өдрийг хүртэл дараалан долоон даваа авч тэргүүлэгчийн хоёрдугаар байрт бичигдэж хүчирхэг гэдгээ харууллаа. Ичиножёо ирэх тавдугаар сард цол ахих нь тодорхой болов.


Харин энэ удаагийн хаврын тэмцээнд Их аварга Какүрюү М.Ананд 10 даваа, таван унаатай өндөрлүүллээ.

Холбоотой мэдээ