"Рио Тинто"-гийн шинэ захирал "Оюутолгой" ордод эзэмших хувиа нэмнэ

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-03-21 12:59:52

КАНБЕРРА. /Smh/. “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолшийн халааг ирэх долдугаар сард авахаар болсон Жан-Себастьян Жак ажлаа авмагцаа Монголын “Оюутолгой” зэсийн ордыг эзэмших хувиа нэмэгдүүлэх зорилготой байгаагаа илэрхийлжээ.

“Рио Тинто” компанийн олборлодог гол түүхий эдийн ханш унаж байгаатай холбоотойгоор компанийн үндсэн зардлыг бууруулж, тайлан тэнцлийг сайжруулах чиглэлийг тодорхойлохоо тэрбээр мэдэгджээ.

Эдийн засгийн хамгийн их үр өгөөжтэй гэж үзэж байгаа “Оюутолгой” ордын 33 хувийг “Рио Тинто” компани эзэмшдэг бөгөөд тус компани энэ хувиа нэмэх зорилготой байгаа нь тодорхой байна гэж Лондоны шинжээч үзжээ.

“Оюутолгой” ордын 66 хувийг эзэмшдэг Канадын “Turquoise Hill” компанийн 50.79 хувийн хувьцааг “Рио Тинто” компани эзэмшдэг бөгөөд брокерийн “Investec” байгууллагын мэдэгдсэнээр, дэлхий дахин дахь нэг шатлалт зэсийн хөрөнгийн төлөөх хүчтэй өрсөлдөөнийг харгалзан үзэж, “Turquoise Hill” компанийн хувьцааны үлдэгдлийг бүгдийг авах нь уул уурхайн томоохон компанийн хувьд эрсдэл багатай тэргүүлэх чиглэл байх аж.

Нэг шатлалт зэсийн хөрөнгийг “Рио Тинто” маш их сонирхох боловч уг салбар зай багатай гэж “Investec” байгууллагын уул уурхайн шинжээч Хантер Хиллкот мэдэгдэв. “Оюутолгой”-г нэгтгэх нь цорын ганц тодорхой зорилго байх бөгөөд үүнийг би “Turquoise Hill”-ийн үлдэгдэл хувьцааг худалдан авах гэж үзэж байна гэж тэрбээр нэмж хэлэв.

Энэ нь “Рио Тинто” компани “Turquoise Hill” компанийн 2.3 тэрбум долларын хувьцааг худалдан авч болзошгүй гэсэн үг юм.

Жак “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлаар сонгогдохоос хэдэн долоо хоногийн өмнөхөн буюу зургадугаар сард Монголын парламентын сонгууль болох бөгөөд тус компанийн алхам бүр цаг хугацааны хувьд хамааралтай байх нь эргэлзээгүй хэдий ч Монголын Засгийн газар “Оюутолгой” ордын 34 хувийн хувьцааг хэвээр авч үлдэнэ гэж бодож байгаагаа Хиллкот дурдав.

Шинэ алхам хийх итгэл

“Turquoise Hill” компанийн хувьцааг нэмж авах итгэл төрүүлэхүйц хэд хэдэн чухал үйл явдал “Рио Тинто” компанийн эргэн тойронд өнгөрсөн онд болсноос, тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард “Рио Тинто” компани Монголын Засгийн газартай “Оюутолгой” ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх гэрээг байгуулсан, 12 дугаар сард өргөтгөлийн ажлыг явуулах 4.4 тэрбум долларын санхүүжилтийг баталгаажуулсан байна.

Сэм Уолшийн халааг авах хамгийн өндөр магадлалтай хүн бол төмрийн хүдрийн хэлтэс хариуцсан захирал Эндрю Хардинг байсан боловч Жан-Себастьян Жак түүний халааг авахаар болсон нь олныг гайхшруулсан билээ. Сэм Уолш гурван жилийн өмнө “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлаар сонгогдсон билээ.

“Рио Тинто” компанийн орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг төмрийн хүдрийн салбар тус компанийн чухал хэлтсийн нэг бөгөөд Хиллкот, Хардинг “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирлаар сонгогдож чадаагүй ч гэсэн тэрбээр одоогийн байр сууриндаа үлдэх нь зүйтэй. Учир нь нөөцийн салбар хэлбэлзэлтэй байна гэжээ.

“Эндрю Хардинг сэтгэл дундуур байгаа. Би итгэлтэй байна. Гэхдээ энэ зах зээл хуучин шигээ хүчирхэг байхаа больсон. Аль хэдийн дэлхийн хэмжээнд хүрсэн үйл ажиллагааг Эндрю Хардинг удирдаж байгаа бөгөөд тэрбээр өрөнд баригдсан, сэхэхээр тэвдэж байгаа, нэгэн цагт том байсан ч одоо жижигхэн болсон /Рио Тинто/ уул уурхайн компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг хэзээд авч чадна” гэж Хиллкот хэлэв.

“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хийсэн ажлаа Сэм Уолш онцолжээ. Тэрбээр энэ хугацаанд 1.8 тэрбум долларын хөрөнгө худалдаж, үйлдвэрлэлийн зардлыг бараг хоёр тэрбум доллароор бууруулсан байна.

“Бид хийнэ гэснээ хийж, аюулгүй байдлыг сайжруулж, зардлыг бууруулсан. Мөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг бууруулж, бэлэн мөнгөнд бид анхаарал хандуулж, тайлан тэнцлийг бэхжүүлж, хувьцаа эзэмшигчдэд ашиг хүртээсэн” гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, “магадгүй, хамгийн гол нь бид бүгдээрээ эзэн шиг аашлаад байх шиг байна. Бидний хамтран хүрсэн амжилтаар би их бахархаж байгаа бөгөөд цаашид юу болохыг тэсэн ядан хүлээн байна” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ