Аяллын хамгийн урт маршрутыг Орос, Хятад болон Монгол байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-21 10:37:45

МОСКВА. /RIA Novosti/. Орос, Хятад болон Монгол Улс дэлхийн хамгийн урт, хил дамнасан аялал жуулчлалын "Цайны агуу их зам" маршрутыг бий болгох зорилготой Аялал, жуулчлалын холбоонд нэгдлээ.

"Цайны агуу их зам" төслийн аялал, жуулчлалын дэд бүтцийн хөгжлийн асуудлаарх эдийн засгийн форумын хүрээнд Оросын зургаан бүс нутаг Аялал, жуулчлалын холбоонд нэгдэх төлөвлөгөөний тухай протоколд гарын үсэг зурсан байна.

ОХУ-ын Аялал, жуулчлалын газрын орлогч дарга Алексей Конюшков уг форумын үеэр үг хэлэхдээ, “Цайны агуу их зам” төсөл нь улсаас маш их анхаарал хандуулж байгаа хил дамнасан болон бүс нутаг хоорондын төслүүдийн бодит жишээ юм гэжээ.

“Энэ төсөл нь Евразиар хөндлөн гулд аялж, Орос, Хятад болон Монгол зэрэг оронд очих боломжтой хамгийн өргөн газар орныг хамарсан, одоо байгаа хуурай замын маршрутуудаас хамгийн урт нь болох юм” гэж тэрбээр хэлсэн байна.

Тэрбээр дээрх маршрутыг гурван орны 50 гаруй байгууллагын дэмжлэгтэйгээр 1992 оноос боловсруулж эхэлснийг болон хэдийгээр тоо нь өөрчлөгдөж магадгүй боловч Оросын 28 субъектыг хамрах тухай ярьжээ. 

“Дотоодын болон гаднаас ирэх жуулчдын урсгал нэмэгдэж байгаа нь аялал, жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх асар их боломж байна гэсэн үг юм” гэж Конюшков хэлсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ