Худалдаа үйлчилгээнийхэн нийлэг уутны зөв хэрэглээний талаар мэдлэгтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас аймгийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудад нийлэг уутны хэрэглээг хориглох хууль, журмыг танилцуулж, сургалт зохион байгууллаа. Сургалтад 52 иргэн аж ахуйн нэгж хамарчээ.
Сургалтыг зохион байгуулахад Байгаль
орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн
хэлтэс хамтран оролцож, хууль журмын талаар мэдлэг олгосноос гадна нийлэг
хальсан уутны хор хөнөөл, стандарт, худалдаа үйлчилгээнд хэрэглэж байгаа
зарим нийлэг хальсан уутны талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Засгийн газрын 2018 оны 189 тоот
тогтоолоор “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох” тухай тогтоол гарсан. Тус
шийдвэрээр энэ оны 03 дугаар сарын 01-нээс 0,035 мм болон түүнээс нимгэн
нэг удаагийн хальсан уутыг худалдаа үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар
импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон байдаг. Тиймээс энэхүү сургалт нь
дээрх шийдвэрийг хэрэгжүүлж, иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг сайжруулахад
чухал ач холбогдолтой ажээ.