А.Гылымхан: Баян-Өлгий аймагт энэ онд 70-аад тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-12 10:47:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай тус аймагт энэ онд өрнөх бүтээн байгуулалтын ажлууд, хаваржилтын нөхцөл байдал болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.


-Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Бүтээн байгуулалтын ажлууд эхлэх хугацаа ойртож байна. Энэ жил Баян-Өлгий аймагт томоохон ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?


-Өнгөрөгч 2018 он тус аймгийн хувьд 51 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 125 төсөл, хөтөлбөр хэрэгжсэн өгөөжтэй жил болсон. Харин 2019 онд улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрөөр нийтдээ 70-аад тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөгдөж байна. Тухайлбал, олон жил яригдсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын санхүүжилтын асуудал шийдэгдэж, одоо тендер зарлахад бэлэн болсон. Мөн 50 хүүхдийн эмнэлгийг үргэлжлэн барина. Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр аймгийн төвд шинээр цэвэрлэх байгууламж барих бөгөөд удахгүй салбарын яамнаас тендерийг нь зарлана. Үерийн хамгаалалтын далангийн ажлыг үргэлжлүүлнэ. Тус ажил нь нийтдээ таван тэрбум төгрөгийн өртөгтэйгөөс өнгөрсөн жил 565 сая төгрөгийн ажил хийсэн байгаа. Орон сууцны хороолол барих газруудад 3,2 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээ татна. Үүний хажуугаар аймгийн төвд 10-аад км зам барина. Явган хүний зам, авто зогсоол болон гэрэлтүүлгийн асуудлыг шийдэхэд зориулж найм орчим тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Улаанхус, Дэлүүн суманд соёлын төвийн барилга, 10-аад суманд цэцэрлэг, Булган сумын Ёлт багт хичээлийн байр, дотуур байр, спорт заал бүхий сургуулийн иж бүрэн цогцолбор, Улаанхус сумын Хөх хөтөл баг, Цагааннуур тосгонд сургуулийн барилга, Сагсай, Ногооннуур сумын төвд тус бүр хоёр километр хатуу хучилттай авто зам тавихаар төлөвлөж байна.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын манай аймгийн нутаг дэвсгэрт хамаарах хэсэг буюу Толбо-Хашаатын даваа чиглэлийн 60 км зам энэ оны наймдугаар сард ашиглалтад орно. Энэ төслийн хүрээнд Өлгий хотыг тойрч гарах 19 км хатуу хучилттай зам, 200 метр төмөр бетон гүүр барих ажлыг хөөцөлдөж, ТЭЗҮ, зураг төсөв, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг нь хийлгэж бэлэн болгосон. Удахгүй тендер нь зарлагдах гэж байна. Саяхан Улаанбаатар хотод төслийн санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк болон Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох хүмүүстэй уулзаж, дээрх зам, гүүрийн барилгын ажлыг хурдан гүйцэтгэх үүднээс тендерийг нь гурван багц болгож зарлах саналаа хүргүүллээ. Миний саналыг хүлээж авсан. Тус ажил маань энэ онд эхэлчихвэл 30-аад тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй томоохон бүтээн байгуулалтын ажил болох юм. 


-Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төслийн хүрээнд барихаар төлөвлөсөн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25 км замын ажил гацсан байдалтай байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна?


-Замыг барих хөрөнгө бэлэн боловч хоёр компанийн маргаанаас болж сүүлийн хэдэн жил гацаад байна. Тухайн замыг төслийн хүрээнд барьж дуусгахгүй бол дараа нь улсын төсвөөс 30-40 тэрбум төгрөг гаргаж барина гэвэл хэцүүднэ. Тийм учраас энэ замыг Азийн хөгжлийн банкны шугамаар барьж өгөөч гэсэн саналыг Засгийн газарт тавьж, Ерөнхий сайдын сонорт хүргээд байна.


-Бүтээн байгуулалтын ажлууд зураг төсөв хийлгэх, тендерийн маргаан зэргээс шалтгаалан төлөвлөсөн хугацаанд хийгддэггүй асуудал өмнөх жилүүдэд гардаг байлаа. Дээр дурдсан төсөл, хөтөлбөрүүдийн худалдан авах ажиллагааг хэзээ зохион байгуулж дуусах вэ?

 

-Бүтээн байгуулалтын ажлуудыг эрт эхлүүлэхийн тулд оны нэгдүгээр улиралд багтаан зураг төсвийг нь хийлгэх, тендерийг нь хугацаанд зарлах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байгаа. Өнгөрсөн долоо хоногт 13 сум болон 60 орчим агентлагийн удирдлагыг оролцуулан удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, энэ асуудлыг бас ярьсан. Өнөөдөр барилгын салбарт ажиллагсдын зөвлөгөөнийг хийж, бүтээн байгуулалтын ажлуудыг эрт эхлэх, сахилга хариуцлагыг сайжруулах талаар хэлэлцлээ. Дулааны улирал эхлэхээс өмнө зураг төсвийг нь бэлэн болгож, тендерийг нь зарлах, гүйцэтгэгчээ тодруулах зорилт тавин ажиллаж байна.


-2018 онд барихаар төлөвлөсөн 10 цэцэрлэгийн барилга төлөвлөсөн хугацаанд дуусаагүй. Энэ объектууд 2019 онд ашиглалтад орох уу?


-Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд байгаа. Өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангаас дөрвөн том цэцэрлэг барина гэж төлөвлөгөөнд оруулсан байсан. Суурийг нь тавьж ажлыг нь эхлүүлээд байсан ч энэ онд манай аймагт орон нутгийн хөрөнгө оруулалт гэж хөрөнгө хуваарилагдаагүй. Бүрэн барих боломж байхгүй. Харин санхүүжилт нь шийдэгдсэн барилгууд тухайн онд багтаан ашиглалтад орно.


-Баян-Өлгий аймагт хаваржилт ямар байна?


-Цаг агаар дулаарч хаврын улирал сайхан эхэлж байна. Өвөл нэлээн хүйтэн, зургаан сумын нутгаар цас ихтэй, өвөлжилт хүндхэн боллоо. Манай аймгийн хувьд өнгөрсөн зун гандуу, өвс ногооны гарц тааруухан, мал тарга хүч авч чадаагүй асуудал байсан. Гэхдээ малчид, сумд өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан. Одоогоор сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөц дуусаж, аймгийн нөөцөөс 194 тонн өвс, 120 тонн тэжээлийг малчдад олгосон. Орон нутагт өвс тэжээлийн хэрэгцээ их байгаа тул улсын Онцгой комиссын ажлын хэсэг манай аймагт ирж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр  улсын нөөцөөс 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгохоор шийдвэр гарсан байгаа. Одоо эдгээр өвс тэжээлийг сумдад хуваарийн дагуу олгож эхлээд байна. Түүнчлэн гадаадын төсөл, хөтөлбөрүүдээс тусламж ирж байна. Тухайлбал Японы Хүүхдийг ивээх сангаас Баяннуур, Булган, Цэнгэл сумын малчдад 140 орчим сая төгрөгийн тэжээлийн тусламж үзүүлсэн. Цаашид Улаан загалмайн хорооны шугамаар өвс тэжээлийн тусламж үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 


-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байна?

 

-Уг асуудал Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Мал, түүхий эдийн үнэ өсөж, малчдын орлого нэмэгдсэн эерэг үр дүн гарч байна. Ялангуяа тус аймагт үйл ажиллагаа явуулдаг "Файн ноос" ноос угаах үйлдвэрийг бодлогоор дэмжиж ажилласны үр дүнд өмнө нь 80 төгрөгөөр борлогдохгүй байсан хонины улаан ноосны үнэ өнгөрсөн онд 4500 төгрөгт хүрсэн. Мөн үйлдвэр жилийн турш тогтмол ажиллах боломж бүрдэж, 380 орчим хүн ажиллаж байна. Махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжиж, газар тариаланг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа. 2016 онд аймгийн төмсний хэрэгцээний 40 хувийг дотооддоо хангаж байсан бол энэ үзүүлэлт 2018 онд 71,5 хувьд хүрсэн. Хүнсний ногооны хангамж сайжирч байна. Үүнийг улам сайжруулахын тулд тус аймгийн газар тариалангийн бүс нутаг болох Алтанцөгц, Баяннуур суманд 100-150 тонн төмс, хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай зоорийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус тус барьж өгсөн.


-Баян-Өлгий аймагт нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан ямар асуудлууд байна? 


-Эрүүл мэнд, боловсрол, хөдөө ахуйн салбарт тулгамдсан олон асуудал байгаа. Боловсролын салбарт ахиц гарч байна. НҮБ болон БСШУСЯ-тай хамтран монгол хэлний боловсролын чанарыг сайжруулах төслийг энэ сараас хэрэгжүүлж эхлээд байна. Аймгийн ИТХ-аас элсэлтийн ерөнхий шалгалт, монгол хэлний чанарыг сайжруулах дэд хөтөлбөрүүдийг батлуулан амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд манай аймаг ЭЕШ-ын ерөнхий дүнгээр гурван байраар ахисан. Үүнд аймгаас 50 орчим сая төгрөгийг урамшуулал болгон олгосон байгаа. Мөн сурах бичгийн чанарыг сайжруулах, багш нарын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх гээд олон ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарт ч тоног төхөөрөмж, түргэн тусламжийг машинаар хангах, эмнэлэг барих гэх мэт ажлууд хийгээд явж байгаа. Тулгамдсан хамгийн гол асуудал бол ажилгүйдэл. Ажилгүй иргэд маш их байна. Ард иргэдээс ирсэн өргөдлийн ихэнх нь ажилтай болгох тухай байдаг. Жил бүр олон залуучууд сургууль төгсөөд ирж байна. Бүгдийг нь төрийн албанд ажиллуулах боломж байхгүй шүү дээ. Тийм учраас уул уурхай, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, гадаадад ажиллах хүч гаргах зэргээр шийдэхийг хичээж байна.


-Өнгөрсөн онд хэдэн хүнийг ажлын байраар хангасан вэ?


-Төсөл хөтөлбөрийн шугамаар, барилга, замын салбарт нэлээн хүн ажилтай болсон. Өмнө нь 60-аад ажилчинтай ноос угаах үйлдвэр маань 300 гаруй ажилтантай болоод байгаа. Одоо Засгийн газраас Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг яриад эхэлсэн. Энэ орд ашиглалтад орвол маш том боломж нээгдэх юм. Мөн манай аймгийн нутагт ашиглалтын лиценз эзэмшдэг 25, хайгуулын лиценз эзэмшдэг 65 компанийн удирдлагуудтай ажлын байр бий болгох асуудлаар ярьж байна.


-Өнгөрсөн зун үерийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?


-Засгийн газар болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс гамшигт нэрвэгдсэн иргэдэд нэлээн тусламж үзүүлсэн. Оны эцсийн тайлангаас харж байхад нийтдээ 200 гаруй гэр тараасан байна. Одоо 500 гаруй сая төгрөгөөр 50 гаруй айлд байшин барьж өгнө. Зураг төсөв гаргах, тендер зарлах ажил явуулж байна.  


-Цаг заваа гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа!

 

 

 

Холбоотой мэдээ