Партизаны үр сад анх удаа уулзалдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-04 17:37:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн МАН-ын ахмадын холбооноос санаачлан “Бид партизаны үр сад” арга хэмжээг Сэлэнгэ аймагт анх удаа зохион байгууллаа.

Эх орончдын өдөр буюу МАН-ын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү ажлын талаар МАН-ын Ахмадын холбооны аймгийн тэргүүн Д.Бадарч гуай ийн өгүүллээ. Тэрээр “Сэлэнгэ аймагт 1921 онд ардын хувьсгал ялахад оролцсон монгол ардын журамт цэргийн партизанууд, тэдний үр садыг уулзуулах, хойч үеийнхэнд таниулах, эцгээрээ, ахаараа бахархах үзэл санааг бүрдүүлэх, цаашлаад өнөөгийн энэ сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн тэр хүмүүсээ эргэн дурсах, тэдний халуун эх оронч, үнэнч, монгол эх орныхоо тусгаар тогнолын төлөө амь бие хайргүй тэмцэж явсаны учрыг ойлгуулах гэсэн юм.

1921 оны 03-р сарын 01-нд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Тройцкосавкад буюу Архиагт хотод МАН-ын анхдугаар хурал болж байсан байна. Энэ анхдугаар хурлын төлөөлөгчдийн 50 гаруй хувь нь Сэлэнгэ нутгийн хүмүүс байжээ. Үүний нэг нь нутгийн иргэн Машийн Амар байсан. Мөн 1921 оны 03-р сарын 18-нд Хиагтыг чөлөөлөх тулалдаанд оролцсон 400 гаруй партизаны 330 гаруй нь Сэлэнгийнхэн байжээ. Иймээс тэдний алдрыг мөнхжүүлэх, гавьяаг нь хойч үедээ ийм хүмүүс байсан шүү гэдгийг үлдээх, партизануудынхаа нэр алдрыг сэргээх зорилготой энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна” хэмээн ярилаа.

Ө.Бавуу: Монголын үе үеийн хөгжлийг Сэлэнгэ түмэн түүчээлж ирсэн

Энэхүү үйл ажиллагааны үеэр түүхч, академич Ө.Бавуу: МАН байгуулагдсаны 98 жил, Ардын хувьсгал ялсны 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэ том үйл ажиллагааг нь улсынхаа ач холбогдлоос авч үзэхэд бидэнд аз жаргалт амьдралыг авчирч өгсөн бидний буурал, өвөг дээдсийнхээ буяныг үргэлжлүүлэх, дэлгэрүүлэх том үйл хэрэг юм. Бид чинь харь гүрний эрхшээлд 220 жил болсон улс шүү дээ. Үнэхээр дарлал туйлдаа хүрч байсан тэр үед монголын ард түмэн, үүний дотор Сэлэнгэчүүд манлайлж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн гавьяатай хүмүүс юм. Ардын хувьсгалын ялалтыг авч ирсэн 412 партизануудын 331 нь одоогийн Сэлэнгэ аймгийн харьяат хүмүүс байсан. Иймээс Сэлэнгэ түмэн бол ерөөсөө хувьсгалчид. Монголын үе үеийн хөгжлийг түүчээлж ирсэн. Бүр гурван мэргэдийн үеэс төмөр хайлуулж эхлэхэд мөн л Сэлэнгэчүүд түүчээлж явсан. Чингис хааны  түүх дурсгал энд байж л байна. Ардын хувьсгал эндээс мандсан. Дараа нь Атар газар эзэмшихэд бас л Сэлэнгээс гараад ирлээ. Энэ бол Сэлэнгэчүүдийн онцлог түүчээлэх, давамгайлах, оройлох ийм онцгой шинж чанарын илрэл юм.


Партизан Г.Дэмчигийн ач хүү Ж.Сүхбаатар:Буурлын минь буян гэж үнэхээр бэлгэшээж байна


-Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Та хэн гэдэг партизаны үр сад билээ. Өвөг дээдсийнхээ алдар гавьяанаас бидэнтэй хуваалцахгүй юу?

-Би Гэндэнгийн Дэмчиг гэдэг 1921 оны партизаны ач хүү байна. Манай өвгөн аав 1921 онд өөрөө сайн дураараа цэрэгт ирж, цэргийн сургууль хийгээд их бууны хорооны анхны дарга хийж явсан хүн. Сүүлд нь нэлээд хожуу Шинэ хүчний дээд сургуульд цэрэгжлийн багшаар ажиллаж байсан. 1945 онд фронтод Ю.Цэдэнбал даргын багт орж бэлэг хүргэж явсан гэдэг. Миний аав бол бас эх оронч. 1939, 1945 оны байлдаанд оролцож явсан түүхтэй хүмүүс байгаа. Энэ сайхан өвгөд хөгшдийнхөө энэ ариун сайхан зан чанар, эх оронч үзэл, алдар гавьяа, үйл ажиллагааг цааш нь залгаж явахыг би аминдаа их хичээж явдаг. Үүний үр дүнд улсдаа гайгүй сайн хөдөлмөрлөж, олон түмэнтэйгээ явж байна. Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дэргэдэх ахмадын холбоо санаачилж, аймаг, орны удирдлагууд дэмжиж, манай аймагт байгаа партизануудын үр садыг цуглуулж, ийм сайхан ажлыг зохион байгуулж байгаад би их баяртай байна. Үүнийг би буурлын минь буян гэж үнэхээр бэлгэшээж байна. Миний өвөг эцэг Г.Дэмчиг, миний аав хоёр бол ерөөсөө хүний ганц хүүхдүүд. Харин миний хувьд өнөр өтгөн, есөн сайхан хүүхэдтэй. Одоо ач, зээ, гуч нийлээд 20 гарч байна даа.

-Цаашид энэхүү ажлыг санаачлагчдын зүгээс аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хороотой хамтран партизануудаа алдаршуулах зорилгоор:

-Сэлэнгэ нутгийн партизанууд номыг бүтээх,

-Аймгийн Нэгдсэн музейд партизануудын танхимыг нээж, баяжуулах,

-МАН-ын анхдугаар хурлын төлөөлөгч Машийн Амарын нэрэмжит газартай болох,

-Ардын журамт цэргийн замаар аялах жуулчлалын маршруттай болох,

-Хуучны дурсгалт газар, хөшөө дурсгалуудыг сэргээх, түүхэн үйл явдал болж байсан газруудыг тогтоох зэрэг ажил зохион явуулах  ажээ.

Тус үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон Шаамар сумын төлөөлөгчид оролцсон юм. Шамар сумын Засаг дарга Б.Баярбаатар энэхүү үйл ажиллагаанд маш өндөр ач холбогдол өгч нутгаасаа төрсөн партизануудын үр сад болох 12 партизаны 100 гаруй үр садыг олж тогтоон, хаяг, утсыг нь цуглуулж чадсан амжилтайгаар тэднийхээ төлөөлөлтэй ирсэн байв.  

 

Холбоотой мэдээ