С.Мөнхчулуун Нийслэлийн засаг даргад нэрээ дахин дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-26 14:27:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчийг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан товлосноороо өнөөдөр нийслэлийн “Хангарьд” ордноо эхэллээ.

11.30 цагт эхэлсэн хуралдааны эхэнд, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хуралдааныг нэг цаг завсарлуулах санал гаргасныг дэгийн дагуу ёсоор болгож, 12.30 цагт үргэлжлэн хуралдав. НИТХ-ын хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан удирдаж байгаа бөгөөд Ерөнхий сайдыг хуралдаанд оролцуулах горимын саналыг төлөөлөгч Э.Бат-Үүл гаргасан боловч НИТХ-ын төлөөлөгчид санал хураалтаар дэмжсэнгүй. 

Төлөөлөгч Э.Бат-Үүлийн гаргасан санал нь нэгд, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг дээд шатны байгууллага шийдэж болохгүй гэдэгт оршиж байв. Хоёрт, Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын өмнөх хуралдаанаас олонхын санал авсан нэр дэвшигч С.Мөнхчулууныг ямар шалтгаан, үндэслэлээр Хотын Засаг даргад батламжлахаас татгалзсан талаар тайлбар өгөх ёстой гэв. Дээрх хоёр байдал нь НИТХ-д цаашид буруу жишиг тогтоож байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Хариуд нь, хуралдаан даргалагч Б.Батнасан "Таны тавьж буй санал бол уг нь горимынх биш. Өмнө нь Ерөнхий сайдыг НИТХ-ын хуралдаанд оролцуулах санал гаргаж байсан. Гэхдээ Ерөнхий сайд хуулийн хүрээнд шийдвэр болон саналаа хүргүүлсэн учраас энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайд оролцох боломжгүй" гэсэн юм. 

Хуралдаан үргэлжлэх явцад Хотын Засаг даргад нэр дэвшигчдийг дахин тодруулахад, НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн нь хүчин төгөлдөр хэвээр, харин НИТХ-ын тэргүүлэгч гишүүн С.Мөнхчулуун дахин нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгдэв. Энэ үеэр хуралдааны танхимд гаднаас орж ирсэн иргэн Э.Бямбацэрэн өөрийгөө Хотын даргад нэр дэвшүүлж байна гэдгээ хэлж хуралдааныг даргалагчид саналаа гардуулсан боловч төлөөлөгч Б.Батнасан, “Хуулийн хүрээнд иргэн хүн шууд нэр дэвших нь боломжгүй, зөвхөн НИТХ-д суудалтай нам, бүлгээс нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн тайлбар өгсөн юм. 

14.30 цагийн байдлаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарыг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан үргэлжилж  дээрх хоёр нэр дэвшигчид нууцаар санал хураах гэж байна.

Нийслэл Засаг даргагүй бүтэн гурван сар болж байгаа бөгөөд өмнөх НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хотын даргад томилох  асуудлыг хэлэлцэж, улмаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрөө нэрээ дэвшүүлснээр олонхын санал авсан юм. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрдугаар сарын 15-нд түүнийг хотын даргад батламжлахаас татгалзсан юм. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулж нийслэлийн Засаг даргаа томилох үүргийнхээ дагуу өнөөдөр хуралдаж байна. Хотын Засаг даргыг хэлэлцэн томилох хуулийн хугацаа нь гуравдугаар сарын 2 буюу ирэх баасан гарагт дуусах юм.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ