Монгол Улсын тээврийн салбарын гадаад харилцаа өргөжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-20 16:58:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 19-22-нд болж байгаа НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын “Тээвэр дэх автоматжуулалт” сэдэвт олон улсын дээд түвшний хуралдаанд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй албаныхан оролцож байна.


Тус хуралдаанаар тээврийн шинэ дэвшилтэт технологийг танилцуулах сэдэвчилсэн үзэсгэлэн дэлгэж буй бөгөөд хэлэлцүүлгийн төгсгөлд төлөөлөгч нар “Тээврийн автоматжуулалтын эринд хамтын ажиллагаа, уялдаа холбоо, интеграчлалыг сайжруулах нь” сэдэвт сайд нарын тунхаглалыг баталлаа.


Энэхүү хурал нь Газрын тээврийн хорооны 2030 он хүртэлх стратегийн хүрээнд Европын эдийн засгийн комиссын гишүүн бус орнуудыг үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах зорилготой аж. Мөн шинээр байгуулсан “Хөдөлгөөний аюулгүй байдлын сан”-д зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгааг танилцууллаа. 


Хуралдааны үеэр, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Тогтвортой тээврийн хэлтсийн дарга Ли Ювэйтэй уулзаж, "Үндэсний тээврийн сүлжээг олон улсын тээврийн сүлжээнд нэгтгэх гарц" төсөл хэрэгжүүлэхэд НҮБ-аас гаргасан тээврийн хэд хэдэн гэрээ конвенцод нэгдэн орох  хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Цаашид НҮБ-ын “Хөдөлгөөний аюулгүй байдлын сан”-г хөгжүүлэх, аюултай ачаа хил нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх асуудлын талаар ярилцаж, хамтран ажиллахаар боллоо. 


Мөн Олон улсын автотээвэрчдийн холбоо /IRU/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга  Умберто Де Преттотой уулсан бөгөөд тэрбээр энэ оны есдүгээр сард Монголд айлчлахаар тохиролцсон байна. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас авто тээврийн салбарт анхаарч, олон улсын автотээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Ази Европыг холбосон транзит тээврийг өөрийн нутгаар саадгүй нэвтрүүлэх, монголын тээвэрлэгчдийг энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломжийг нэмэх, төрийн зохицуулалтыг сайжруулах, боловсон хүчнийг чадваржуулахаар ажиллаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд онцлон танилцуулав.



Олон улсын автотээвэрчдийн холбооноос эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулах, олон улсын гэрээ конвенцид нэгдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Статистик үзүүлэлтээс харахад жилд дундажаар 1000 гаруй ТИР тээвэрлэлт манай улс руу хийгддэг судалгаа бий. Гэвч үүнд Монгол тээвэрлэгчийн эзлэх тоо маш бага буюу дундажаар 50-60 байдаг аж.


Иймд дийлэнх тээвэрлэлт хийгдэж байгаа зарим улстай хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, өөрсдийн тээвэрлэгчдийг саадгүй гүйцэтгүүлэх нөхцлөөр хангахад ЗТХЯ-аас анхаарч байгаа юм байна. 


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх тухай зорилтын хүрээнд өнгөрсөн оны 06 дугаар сард ХБНГУ, Польш, Унгар, Словак  зэрэг улсуудтай олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, үзэглэсэн юм.


Энэ хүрээнд Унгар Улстай өнгөрсөн оны сүүлээр хэлэлцээрт талууд гарын үсэг зурснаар баталгаажсан байдаг. 

Тэгвэл энэхүү “Тээвэр дэх автоматжуулалт” сэдэвт олон улсын дээд түвшний хуралдааны үеэр Монголын талын төлөөлөгчид БНПольш Улсын тээврийн яамны төлөөлөлтэй уулзаж, Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулах ажлаа шуурхайлж, 2019 онд багтаан хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна.


Энэхүү баримт бичиг байгуулагдсанаар хоёр орны авто тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд харилцан тээврийн зөвшөөрөл олгох боломж нээгдэж, авто тээврийн зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэх бөгөөд үнэ, ханшийн түвшинд эерэгээр нөлөөлөх боломж нэмэгдэх ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ