Аймгийн Засаг дарга халаалтын компаниудын удирдлагуудад хугацаатай үүрэг өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн төвийн
орон сууцнуудын халаалт муудаж, оршин суугчдын тав тух алдагдсантай холбогдуулан
2 дугаар сарын 9-ний өдөр аймгийн Онцгой
комисс шуурхай хуралдааныг зохион байгуулжээ. Тус хуралдаанд халаалтын
компаниудын удирдлага, холбогдох ажилтнуудыг
оролцуулсан юм.
Дундговь аймгийн төвийн орон сууц,
байгууллагуудын халаалтыг хариуцан ажилладаг 2 компани, Орон нутгийн өмчит 1
үйлдвэрийн газар байдгаас Тэвшийн говь ХХК, Дундговь-Ус Орон нутгийн өмчит
үйлдвэрийн газрын харьяа байр, сууцнуудын халаалт харьцангуй муу байгаа талаар
иргэд ихээхэн гомдолложээ.
Нэгдүгээр сарын 31-ний өдрөөс
хүйтний эрч чангарч, өдөртөө 23-28, шөнөдөө 28-30 градус хүрч хүйтэрсэн бөгөөд
уурын зуухны галч нарын ажлын хариуцлага сул байснаас үүдэн оршин суугчид
ийнхүү тух алдахад хүрсэн ажээ.
Онцгой комиссын хуралдааны үеэр
халаалтын компаниуд мэдээлэл хийж, Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг
дарга О.Бат-Эрдэнэ халаалтын компаниудын удирдлагуудад хугацаатай үүрэг
даалгавар өгчээ.
Мөн тус хуралдаанаар Онцгой комиссын
гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилж, зуухнуудын галлагаа болон
аюулгүй ажиллагаанд хяналт тавих үүрэг өгч, мэдээллээ тогтмол солилцож байх
шийдвэр гаргасан байна.