Ойн мэргэжлийн ангиуд мэргэжлийн түвшинд ажилладаггүй

Орон нутагт | Өвөрхангай
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 16:14:26

Хэрэглээний мод бэлтгэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, БОАЖГ-ын дарга Г.Баясгалан нар мод бэлтгэл, ой цэвэрлэгээний ажлыг газар дээр нь шалгалаа. 
Мод бэлтгэлийн чиглэлээр эрх авсан аж ахуйн нэгж нь ойн инженер, хөрөө раамчин, ойн техникч, үржүүлгийн техникч зэрэг олон мэргэжлийн хүний багаас бүрдэх ёстой бол компанийн захирлаас өөр хүн байдаггүй, тэр нь иргэд, нөхөрлөлүүдтэйгээ зохицож хамтран ажиллаж чаддаггүй, нөхөн сэргээлт муу хийдэг, хуулийн дагуу ажилладаггүй зэрэг зөрчлүүд гарсан байна. Мөн байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нар ажлаа хангалтгүй хийдэг, ойгоор явдаггүй, үзлэг шалгалт хийдэггүй аж. 
Аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан хэлэхдээ “Мод бэлтгэдэг байгууллагууд нь БОАЖНХЯ-аас явуулсан аттестатчиллын дүнгээр сайн дүнтэй шалгагдсан байдаг ч бодит байдал дээрээ мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж чаддаггүй” гэж байлаа. Тэрээр “Аймгийн ИТХ-аас ирэх жилд ашиглах модны хэмжээг батлахдаа сумаас нэлээд бодит судалгаа гаргасны үндсэн дээр батлуулах нь зүйтэй юм байна. Аймаг, сумын түвшинд бодлого боловсруулж, бодит хэрэглээтэй уялдсан төлөвлөлтийг хийх ажил үгүйлэгдэж байгаа нь өнөөдрийн шалгалтаас харагдаж байна” гэв.

Шалгалтынхан ойн ангиудад зарим үүрэг чиглэлийг өгч, дахин шалгахаар мэдэгдсэн бөгөөд тэр үед мэргэжлийн түвшинд ажиллаж чадаагүй бол эрхийг нь цуцлуулах арга хэмжээг нэн даруй авна хэмээн санууллаа.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд