Le Figaro: Ленинградын бүслэлтийн талаарх 10 тоо баримт

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-02-01 14:32:43

Одоогоос 75 жилийн өмнө Зөвлөлтийн Улаан арми Герман-Финландын цэргүүдэд бүслэгдсэн Ленинград хотыг чөлөөлсөн билээ. Энэ бүслэлтийн үеэр болсон эмгэнэлт үйл явдлыг дүрслэн харуулах хэд хэдэн тоо баримтыг Францын “Ле Фигаро” сонины сэтгүүлч Вероник Ларош-Синьориль /Véronique Laroche-Signorile/ дурджээ.   


“Барбаросса” төлөвлөгөө


Зөвлөлт-Германы хооронд 1939 онд байгуулсан Үл довтлолцох гэрээг зөрчин 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр германчууд ЗХУ руу халдан довтлов. “Барбаросса” цэргийн ажиллагааны хүрээнд 3 чиглэлээр довтолгоо хийсний нэг нь умард зүгт Ленинградын чиглэлд явуулсан “Туйлын туяа” ажиллагаа байлаа. Гитлерийн тушаалаар тус хотыг газрын хөрснөөс арчин устгах ёстой байв. Финландын цэргүүд хойд талаас, немцүүд өмнө зүгээс хот руу дайрч, 8 дугаар сарын сүүлчээр төмөр замын Мга өртөөг эзэлснээр Ленинградын хотын дөрөвний гурав нь бүслэгдэж, хотын хангамж тасарчээ.  


2,5 сая оршин суугч


Хаант Оросын нийслэл байсан энэ хотод дайны өмнө 2,5 сая хүн оршин сууж байсны 400 мянга нь хүүхдүүд байлаа. Москвагийн дараа 2-т ордог хувьсгалын өлгий энэ хотыг Гитлер онилж, иргэдийг хотоос гаргахгүй байлгаж, тэднийг өлсгөлөнгөөр алж устгахаар төлөвлөжээ. Вермахтын цэргүүд хотод ойртсоор байсан боловч иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдсангүй. Үүний улмаас ленинградчууд бараг бүгдээрээ бүслэлтэд оржээ.   


1941 оны 9 дүгээр сарын 8 - Бүслэлт эхэлсэн нь


Нева мөрөн дэх Шлиссельбург цайз дайсанд эзлэгдсэнээр Ленинград хот ЗХУ-ын бусад хэсгээс таслагдаж, удаан үргэлжилсэн бүслэлт эхлэв. Хотыг бүсэлснээр амархан буулгаж авна гэж тооцоолж байсан нацистуудын төлөвлөгөө бүтэлгүйтэж, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан ленинградчууд тэсвэр хатуужлыг үзүүлэн бууж өгөхөөс татгалзав. Гай зовлон, үхэл хагацлыг дагуулж, олон сарын турш үргэлжилсэн бүслэлт ингэж эхэллээ. Гэтэл Ленинград хот бүслэгдсэн тухай Зөвлөлтийн ард иргэд 1943 оны 1 дүгээр сарын дундуур “Правда” сониноос олж мэджээ.    


Немцүүдийн агаарын дайралт


1941 оны 9-11 дүгээр саруудад явуулсан Германы цэргийн агаарын дайралтуудын 80 хувь нь Ленинградыг чиглэж байлаа. 1941 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар, немцүүд хотын дээрээс 3295 фугасын бөмбөг, 99717 шатаагч бөмбөг хаяж, 30154 ширхэг их бууны сумаар галласан байна. Бөмбөгдөлт ба их бууны галлалтын гол байнууд нь хүнсний агуулахууд, хотын өмнөд хэсэг дэх цахилгаан станц, шатахуун нөөцлөх газрууд, сүүний үйлдвэр, цөцгийн тосны үйлдвэр байв.   


125 гр талх


Бүслэлтэд орсон хотын бүх оршин суугчдыг хооллоход хүнсний нөөц хүрэлцэхгүй гэдэг нь бүслэлт эхлэх үед л Зөвлөлтийн эрх баригчдад тодорхой болсон. Иймээс хүнсний картыг хэрэглэх болов. Нэг өдөрт олгох талхны хэмжээ нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь буюу статусаас хамаарч байсан бөгөөд бүслэлтийн туршид талхны нормыг 5 удаа багасган тогтоож байжээ. Ялангуяа 1941 оны 11 дүгээр сард маш хатуу арга хэмжээ авч, ажил эрхэлдэггүй иргэд ба хүүхдүүдэд 125 гр талх, ажиллаж буй иргэдэд 250 гр талх олгож байлаа. Талхны чанар маш муу байсан ба 40-өөс доош хувь нь л гурил, бусад нь арвай ба модны үртэсний хольц байжээ.

 

Хүний мах идсэн хэргээр 2015 хүнийг баривчлав


Хүний махаар хооллох аймшигт үзэгдэл 1942 оны сүүлчээр үгүй болох тэр үе хүртэлх хугацаанд хүний мах идсэн 2015 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүслэгдсэн хотын ард иргэд аймшигт өлсгөлөнд нэрвэгдсэний улмаас зарим хүмүүс хүний ёсноос гадуур үйлдэл хийхэд хүрч байжээ. Махны нөөц дууссан учраас эхэндээ муур, нохойг алж идэж байсан бол сүүлдээ хүний мах идсэн хэрэг гарч эхлэв. Зөвлөлтийн үеийн цагдан хяналт буюу цензүүрийн дагуу бүслэлтийн үеийн аймшигт хэргүүд түүний дотор хүний мах идэж байсан тохиолдлуудын талаар ярихыг олон жилийн турш хориглож байлаа.   


-38°C  


Өлсгөлөнгөөс гадна их хүйтэрсний улмаас маш олон хүн амиа алджээ. 1941 оны өвөл Ленинград хотод агаарын хэм -38 хэм болж буурлаа. Хүмүүс дулаацахын тулд тааралдсан бүхнээ түлж байсан нь зарим тохиолдолд гал түймэр дэгдэхэд хүргэж байв.


270 мянган тонн хүнс


1941 оны эцэс гэхэд, Ладог нуурын мөсөн дээгүүр нийтдээ 270 мянган тонн хүнс тээвэрлэн хүргэсэн боловч энэ нь хүн амын хэрэгцээг хангаж чадахгүй байсан. Түүнээс гадна, Ленинград хотод 90 мянган тонн түлш шатахуун хүргэжээ. Нуурын мөс хөлдөж зузаарснаар хангамжийн зам болж, түүгээр олон мянган иргэд, тэдний дотор өнчин хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлж байв. Нуурын энэ мөсөн замыг “амьдралын зам” гэж нэрлэжээ. Нуурын мөс ачааны машиныг даалгүй цөмөрч, Германы Люфтваффе-гийн нисэх онгоцууд дайрч байсан учраас 160 км урт энэ зам маш аюултай зам байлаа.


Бүслэлтийн 872 хоног


1944 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр Улаан арми Ленинград-Новгородын чиглэлд давшилтын ажиллагаа явуулж, генерал Леонид Говоров, генерал Кирилл Мерецкий нарын командалсан цэргүүд 1 дүгээр сарын 25-нд хоёр талаасаа уулзсанаар Ленинград хотын бүслэлтийг сэтэллээ. Үүнээс 2 хоногийн дараа хотыг бүслэлтээс бүрмөсөн чөлөөлснийг албан ёсоор зарлажээ. Тус хотын иргэд бүслэлтэд 872 хоногийг өнгөрүүлсэн нь орчин үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн бүслэлтүүдийн нэг тооцогддог.  


Нэг сая хүн амиа алдав


Бүслэлтийн үеэр нийтдээ нэг сая хүн амиа алдсан гэж үздэг. Хүмүүс олноор амь үрэгдсэн гол шалтгаан нь бөмбөгдөлт бус харин их хүйтрэлт, өлсгөлөн байлаа. Бүслэлтийн эхний хоёр сард хотын 96 мянган иргэн амь үрэгдсэн ба бүслэлтийг сэтлэх үед хотод ердөө 600 мянган хүн амьд үлдсэн байв.  


Ленинград хот 1965 онд ЗХУ-ын баатар хот болжээ.  


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалжууд: http://www.lefigaro.fr/histoire/2019/01/25/26001-20190125ARTFIG00267-le-siege-de-leningrad-en-10-chiffres.php

https://inosmi.ru/social/20190131/244488291.html

 

Холбоотой мэдээ