Шүүхийн ажилтнууд 100 гаруй ахмадаа хүндэтгэн хүлээн авав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-01 15:17:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны ‘’Урвуулагч’’ хэмээх ‘’Шороон гахай’’ жилийн сар шинийн баярыг угтан Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс  нийслэл дэх шүүхийн тамгын газруудын 100 гаруй ахмад настныг хүлээн авч, хүндэтгэв.



Хүндэтгэл ёслолд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, гишүүн В.Оюумаа, Д.Эрдэнэчулуун, гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн ахмадын холбооны тэргүүн Д.Гансүх, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, ШЕЗ-ийн газар, хэлтсийн удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүллээ.



Түүнчлэн шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, ард түмэн, үр хүүхдэдээ ажил үйлсээрээ үлгэр дуурайлал үзүүлж буй ахмад шүүгч ажилтнууд болох Улсын дээд шүүхийн гишүүн асан Д.Минжүүр, Нийслэлийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Ц.Сайнбаяр, Говь-Алтай аймгийн шүүхийн шүүгч, бичиг хэргийн эрхлэгч асан Ц.Нанжид, Баянхонгор аймгийн шүүхийн ерөнхий шүүгч асан Л.Цэдэндамба,



Булган аймгийн шүүхийн шүүгч асан Л.Мягмар, Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгч асан Д.Шархүү, Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч асан М.Шүрэнцэцэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шүүгч асан Б.Нансалмаа, Ховд аймгийн шүүхийн тамгын газрын дарга асан Ч.Баатар, Өмнөговь аймгийн шүүхийн тогтоол гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга асан Б.Бямбаа, Увс аймгийн шүүхийн нарийн бичгийн дарга асан Д.Дүүдэнбээ, Завхан аймгийн шүүхийн үйлчлэгч асан Г.Хишгээ нарыг ШЕЗ-ийн ‘’Хүндэт тэмдэг’’-ээр шагнав.



Харин Монголын хуульчдын холбооны ахмад шүүгч Д.Данзандорж, Б.Бямбахорлоо, П.Баттулга, Д.Завуд, Ц.Тогоохүү нарыг тус холбооны "Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.  Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа нар гардуулж баяр хүргэлээ. Мөн урилгаар хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа ‘’Цагаан сар’’-ын гарын бэлэг гардууллаа.

Холбоотой мэдээ