Монгол Улс шүлхий өвчний вакцин үйлдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-31 19:16:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс малын шүлхийгээс сэргийлэх вакциныг энэ онд үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ тухай өнөөдөр болсон Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Их чуулганы үеэр ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академч Б.Бямбаа мэдээлсэн юм.

Шинжлэх ухааны ажилтнууд жил бүр дээрх чуулганыг зохион байгуулж, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, ирэх жилийн төлөвлөгөөгөө боловсруулдаг ажээ.

Тус академийн эрдэмтэд өнгөрсөн онд  ном, нэг сэдэвт болон хамтын 155 бүтээл, эрдэм шинжилгээний 777 өгүүлэл, эрдэм шинжилгээний 979 илтгэл зэрэг нийт 1911 бүтээл хэвлэн нийтлүүлжээ. ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гадаад харилцааг өргөтгөн сайжруулахад бодит ахиц гарсан талаар эрдэмтэд онцолж байв. Тухайлбал, Азербайжаны Үндэсний ШУА, ОХУ-ын Уралын холбооны их сургууль, Тайванийн Эзэн хааны ордон музей, Туркийн Стамбулын их сургууль, Якутын Шинжлэх ухааны төв зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, санамж бичиг байгуулсан байна. Мөн Унгар, Чехийн ШУА-тай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн протоколыг шинэчилжээ. Тус чуулганы үеэр, зарим эрдэмтэн, судлаачдын өнгөрсөн онд гаргасан ололт амжилтын талаар тодрууллаа.



 ШУА-ийн Эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Авид, “Өнгөрсөн онд салбар салбарын эрдэмтэд маань маш олон ололт амжилт гаргалаа. Тухайлбал, химийн технологийн эрдэмтэд, эмийн ургамлаас хүний цусны бүлэгнэлийг саармагжуулах нэн тустай бодисыг гаргаж авсан бөгөөд үүгээрээ олон улсын патент авахаар зэхэж байна” хэмээв.



ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академч Б.Бямбаа, “Газар тариалангийн салбарын онцлох ажлын хувьд, үр тарианы “дархан 74” шинэ сортыг бий болгосон. Үүнийг газар тариалангийн бүсийн 40 гаруй хувьд тариалсан. Энэхүү сортын онцлог нь ган гачигт өртөхгүй, хурдан боловсордог” гэлээ.                        

Д.Урансолонго

Холбоотой мэдээ