МУИС цахим студитэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-31 18:04:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС орчин үеийн техник, технологийн хэрэгслээр бүрэн тоноглогдсон цахим студитэй боллоо. Ингэснээр тус сургуулиас хөдөө орон нутаг дахь салбар сургуулиуддаа хүрч ажиллах, улмаар суралцагчид нь орон зайны сургалтад чөлөөтэй хамрагдах таатай нөхцөл бүрдэж байгаа аж. 

Өнөөдөр МУИС-ийн номын санд нээсэн, Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн дэргэдэх энэхүү "Дижитал профессор" студийг 60 орчим сая төгрөгөөр байгуулжээ. Уг студид профессор багш нарын цахим хичээлийг бичиж, монтажлан засварлаж mooc.num.edu.mn цахим хуудсанд байршуулах юм.


МУИС-ийн захирал Я. Төмөрбаатарын хэлэхдээ, “МУИС цахим студитэй болсон нь суралцагч орон зайны сургалтад чөлөөтэй  суух боломжтой болж байна. Улмаар хөдөө орон нутаг дахь салбар сургуулиуддаа хүрч ажиллах таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Бусад их, дээд сургуулиудад жишиг болохуйц тус студи нь 2018-2019 оны хичээлийн жилээс Бизнесийн сургууль, Завхан сургууль зэрэг бүрэлдэхүүн салбар сургуулийн 10 гаруй хөтөлбөрийн цахим хичээлийг бичиж бэлтгээд байна.  Энэ студи нь, профессор багш нарын тусламжтай хичээлийн агуулгыг цахим хэлбэрт оруулах сургалтын арга зүйг шинэ шатанд гаргах, суралцагчдын сурах арга барил, хэрэгцээ шаардлага, онцлогт нийцсэн олон талт арга хэлбэрийг хөгжүүлэх ач тустай бөгөөд бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлага, төлөөлөл та бүхэн багш нартаа зарлан түгээхийг уриалж байна” гэв.


Б.Дэнзэнсамбуу

Холбоотой мэдээ