СNN: Хятад, Орос, Турк гурав Мадурог дэмжиж буйн учир юу вэ?

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-01-31 13:42:19

Өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн олон мянган иргэд гудамжинд гарч жагсан, Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардлаа. Эсэргүүцлийн ажиллагаа өрнөх үед сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо өөрийгөө Венесуэлийн хууль ёсны удирдагч гэж зарласантай холбогдуулан дэлхийн улс орнуудын дипломат албадын хийсэн мэдэгдлүүд ар араасаа хөвөрлөө.  


Бямба гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд үг хэлэхдээ “бусад улс орнууд хэний талд орохоо шийдэх цаг нэгэнт болжээ” гэсэн байна.


АНУ, Их Британи, Канад болон Латин Америкийн ихэнх улс орон гэнэт олны анхааралд өртөх болсон Гуаидог дэмжихээ илэрхийлсэн бол Орос, Хятад, Турк болон бусад улс засгийн эрхийг 6 жилийн турш барьж буй Ерөнхийлөгч Мадурог дэмжлээ.


Ийм нөхцөл байдлыг 2014-2017 онд Венесуэльд суугаа Канадын элчин сайдаар ажиллаж байсан Бен Роузвелл дүгнэн тодорхойлохдоо “Венесуэль улс үзэл суртлын дайны талбар боллоо” гэсэн байна.


...Барууны болон Латин Америкийн орнуудаас улам бүр тусгаарлагдаж буй Мадуро сүүлийн хэдэн жилийн турш Орос болон Турктэй хэлхээ холбоогоо өргөжүүлэхийг хичээж байна.  


Мадуро бол Оросын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган нарын нэгэн адилаар захиргаадалтын арга барилтай хүн юм. Тэд ард иргэдийг хянаж, улам их эрх мэдэлтэй болж, үүнийгээ бусад улс орнуудад харуулсаар байна гэж Өмнөд Дакотагийн их сургуулийн улс төр судлаач Эврен Челик Уилтсе дүгнэжээ.


Колумб улсын Андын их сургуулийн улс төр судлаач Виктор Михарес-ын хэлснээр, Мадурогийн хувьд Хятад, Орос хоёртой тогтоосон харилцаа нь нэг ёсондоо НҮБ дахь “амь насны даатгал” аж.  “Хятад, Орос хоёр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрт хориг тавих эрхтэй учраас Венесуэлийн дэглэмийн эсрэг залхаан цээрлүүлэх шинжтэй тогтоолыг батлуулахгүй байж чадна” гэж судлаач бичжээ.


Ер нь Мадурог дэмжиж буй улс орнууд хариуд нь Венесуэлиэс юуг өөртөө олж авч байна вэ? Энэ талаарх дүгнэлтүүдээ хуваалцахыг бид дээрх шинжээчдээс хүссэн юм.


Хятад улс


БНХАУ бол Венесуэлийн хувьд хамгийн том зээлдүүлэгч орон бөгөөд “Америк тивийн орнуудын яриа хэлэлцээ” /Inter-American Dialogue/ гэдэг судалгааны байгууллагын мэдээллээр, 2007-2016 онд Хятадын төрийн өмчийн банкууд Венесуэль улсад 62,2 тэрбум долларын зээл олгожээ. Энэ нь Латин Америкийн бусад аль ч улсад олгосон зээлээс илүү байгаа юм. Харин Америкийн Үйлдвэрлэл эрхлэлтийн хүрээлэнгээс /American Enterprise Institute/ гаргасан мэдээлэлд дурдсаныг үзвэл, 2005-2015 оны хугацаанд Хятадын компаниуд Венесуэльд хэрэгжиж буй төслүүдэд нийтдээ 19,15 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Тоо баримтуудыг харвал, сүүлийн үед хятадууд хөрөнгө оруулалтаа бууруулах болсон нь Венесуэль улс өрөө төлж чадваргүй гэдгийг харуулж буй бодит хүчин зүйлүүдийг тооцож үзсэнтэй холбоотой биз ээ. Тодруулбал, 2016-2018 онд Хятад улс Венесуэльд ердөө 1,84 тэрбумын хөрөнгө оруулсан аж.


“Хоёр орны харилцаа улам бүр улс төрийн агуулгатай болж байгаагийн зэрэгцээ Хятад улс эдийн засгийн шалтгаанаар Мадурог дэмжих сонирхолтой байна. Хятадын хувьд, АНУ-тай харилцаа нь хурцдаж буй энэ үед Хятад-Венесуэлийн түншлэл нь геополитикийн шинж чанарыг агуулж байна ” гэж улс төр судлаач Михрес дүгнэлээ.


Хэрвээ Мадуро огцорвол зээлдүүлсэн мөнгөө буцааж авах гэсэн Хятадын найдлага улам бүрхэг болох юм. Шинжээчдийн ажигласнаар, Мадуро улам хурцадсаар буй хүмүүнлэгийн хямралыг намжаахад бус харин өрөө төлөхөд илүүтэй анхаарч байгаа аж. Харин Венесуэлийн шинэ засгийн газар өр төлөхөд бус эм, хүнсний бүтээгдэхүүний хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд голлон анхаарах болов уу.


Орос улс


Орос-Венесуэлийн найрамдалт харилцаа нь Уго Чавесын Ерөнхийлөгч байх үеэс эхлэлтэй билээ.


Гүржээс салан тусгаарласан Абхаз болон Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг Оросын жишээгээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн цөөхөн улс орнуудын нэг бол Венесуэль юм. Түүнээс гадна, Сири, Украины талаар явуулж буй Оросын бодлогыг Мадуро дэмжиж байгаа.  Мөн Венесуэлийн хойд нутаг дахь нефтийн том орд бүхий бүс нутаг болох Ориноко дахь Венесуэлийн ажил хэргийн чухал түнш нь Орос улс болсныг Михарес онцлон дурдлаа. Иймээс Мадуро засгийн эрхэнд байж байх нь Оросын төрийн өмчийн “Роснефть” компанийн ашиг сонирхолд нийцнэ.

Мадурогийн засгийн газарт 1,5 тэрбум доллар зээлдүүлсэн “Роснефть” компани зээлийнхээ барьцаанд Венесуэлийн эрчим хүчний PDVSA корпорацийн харьяанд багтдаг Америкийн нефть олборлогч Citgo компанийн хувьцааны 50 орчим хувийг авсан юм.


2017 онд Орос-Венесуэлийн хэлхээ холбоо улам гүнзгийрч, бэлэн мөнгөөр гачигдаж буй Венесуэльд туслах үүднээс оросууд Мадурод олгосон 3,15 тэрбум долларын зээлийнхээ өрийн бүтцийг шинэчлэхийг зөвшөөрсөн байна.  Харин Орост төлөх Венесуэлийн нийт өрийн хэмжээ дээрхээс хамаагүй их байж магадгүй юм.


Гадаад бодлогын зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Путиний хөрөнгө оруулалт нь Латин Америк дахь нөлөөгөө бэхжүүлэх оролдлого ажээ.


Цэргийн салбарт нягт харилцаатай байх нь бүс нутгийн аюулгүй байдалд ямар ач холбогдолтой вэ гэдгийг илтгэн харуулах үүднээс цөмийн зэвсэг тээгч Оросын бөмбөгдөгч онгоцууд 2018 оны 12 дугаар сард болсон хамтарсан цэргийн сургуулилтад оролцохоор Венесуэльд ирж байсан билээ.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалахын сайдын туслахаар ажиллаж байсан Дерек Чоллет СNN-д ярилцлага өгөхдөө “манай “арын хашаанд” тоглолт хийж чадна гэдгээ Путин бидэнд харуулахыг оролдож байна” гэжээ.


Турк улс


2016 онд Турк улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэний дараа Турк-Венесуэлийн харилцаа улам нягтарсан юм.


Сүүлийн жилүүдэд Венесуэльд төрийн эргэлт хийх гэсэн оролдлогууд нэг бус удаа гарсан гэдгийг Мадурогийн засгийн газар мэдэгдсээр байгаа. Өнгөрсөн долоо хоногт Каракаст дэгдсэн хямралыг Венесуэль,Туркийн эрх баригчид “төрийн эргэлт хийх гэсэн ээлжит оролдлого” гэж нэрлэлээ.


“Барууныхан Мадурог зүй бусаар хяхан хавчиж байна гэж Туркийн удирдагчид, тэдний дотор Эрдоган үзэж байгаа нь илт” гэж Олон улсын харилцааны Европын зөвлөлийн шинжээч Асли Айдынташбаш дүгнэжээ.


...Венесуэль улс Туркт алт нийлүүлдэг бол Туркээс Венесуэльд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Гэхдээ хоёр орны хувьд улс төрийн хэлхээ холбоо нь эдийн засгийнхаас илүү ач холбогдолтой байж магадгүй.


“Венесуэль улс Аргентин, Бразил гэсэн холбоотнуудаа алдсан учраас үүнийг Турктэй тогтоосон харилцаагаараа нөхөхийг оролдож байна. Турктэй харилцах нь Европтой холбогдсон, НАТО-гийн гишүүн улсыг холбоотноо болгоно гэсэн үг бөгөөд геополитикийн том тоглогч болох гэсэн Туркийн хүсэл эрмэлзэлд нийцэж байгаа юм” гэж Лондонгийн Эдийн засгийн сургуулийн Латин Америк, Карибын тэнгисийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Хелен Яффе үзэж байна.


Вашингтон дахь Дэлхийн бодлогын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Мехмет Озкан-ы тэмдэглэн хэлснээр “Турк улс өөрийгөө дэлхийн хэмжээний эдийн засагтай гэж үзээд хүч нөлөөгөө тэлэхийг оролдож байна. Үүнийгээ хэрэгжүүлэх арга замуудын нэг бол эвсэл холбоо байгуулж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх явдал” ажээ. Гэхдээ цэргийнхний хуваарилж буй хүмүүнлэгийн тусламжийн улмаас Мадуро улс орноо эдийн засгийн улам гүнзгий хямралд татан оруулж болзошгүй гэдгийг судлаач М.Озкан анхааруулсан байна.


АНУ


Хэдийгээр Д.Трамп Гуаидог дэмжиж, Мадуро болон түүнийг тойрон хүрээлэгчдийн эсрэг хориг арга хэмжээ авсаар байгаа боловч АНУ нь Венесуэлийн нефтийн хамгийн том хэрэглэгч хэвээр байна.

Нефтийн худалдааг зогсоох нь хоёр улсад хоёуланд нь хүндхэн цохилт болно. Ийм учраас Венесуэлийн төрийн өмчийн Petroleos de Venezuela, S. A нефть олборлогч компанийн эсрэг даваа гарагт хориг арга хэмжээ авсан нь эхэндээ гайхшрал төрүүллээ.


Харин АНУ-ын Сангийн сайд Стив Мнучин, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон нарын ярьснаар, Венесуэлийн нефтийг Америкийн компани, үйлдвэрийн газруудад зарснаас олсон мөнгийг зөвхөн Венесуэлийн хууль ёсны эрх баригчид, тэдний дотор өөрийгөө түр Ерөнхийлөгч гэж зарласан Хуан Гуаидо захиран зарцуулах ёстой ажээ.

..Хелен Яффе-гийн үзэж байгаагаар, Венесуэль улс АНУ-ын нөлөөний бүсээс гадуурх гүрнүүдтэй харилцаж байгаа нь Вашингтоныг түгшээж байгаа аж. “2000 оноос хойш Орос, Хятад хоёр Латин Америкийн зах зээлд идэвхтэй нэвтэрч, худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр ирсэн. Ерөнхийлөгч Б.Обамагийн үед үүний эсрэг тодорхой арга хэмжээнүүд авч байсан” гэдгийг хатагтай Х.Яффе дурдлаа.


Америкчууд Латин Америкийн бүс нутгийг өөрийнхөө “арын хашаа”, “арын цэцэрлэг” мэтээр үзсээр ирсэн бөгөөд АНУ-ын хилээс холгүй газарт дэлхийн том гүрнүүдийн нөлөө ихэсч байгаа нь Вашингтоны эрх баригчдын санааг зовоож байна.


Гэхдээ Венесуэль улс цөөн хэдэн улстай найрамдалт харилцаа тогтоосон нь тус улсад стратегийн боломжуудыг олгож магадгүй.


Судлаач Озкан-ы онцлон тэмдэглэснээр “Эрдоганы хувьд Трамп, Мадуро хоёрын хэн хэнтэй нь хувийн сайн харилцаатай учраас Вашингтон, Каракас хоёрын хооронд яриа хэлэлцээ хийхэд Турк улс зуучлан туслах боломжтой. Үүний зэрэгцээ Турк улсыг зуучлагч болгох, эсвэл Мадурод шахалт үзүүлэх хөшүүрэг болгон ашиглахыг Трамп оролдож магадгүй “ ажээ.   

Жэк Гай

Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://edition.cnn.com/2019/01/29/americas/venezuela-geopolitical-battle-intl/index.html https://inosmi.ru/politic/20190130/244484064.html

 

Холбоотой мэдээ