Их говийн зоригтнуудын нутагт их бүтээн байгуулалт өрнөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-25 17:51:55

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Өргөн сумын ЗДТГ-аас малчдын зөвлөлгөөн нэгдүгээр сарын 25-нд зохион байгууллаа.

Өнгөрсөн жил сумын хүн ам өсч 2000 гарсан, мал сүрэг 152 мянган толгой болж өссөн, иргэдийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулсан, Аргалийн уулыг уурхайн компаниас хамгаалж чадсан, ундны усны эх үүсвэрийг буй болгож цэвэр ус хэрэглэх боломж бүрдсэн гээд тодорхой бодитой ажлууд өрнөжээ.

Харин 2019 он “Их говийн зоригтнуудын 75 жил”-ийн ой тохиож буй онцлог жил аж. Ой угтаж зоригтнуудын алдар гавьяаг мөнхжүүлэх, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, бэлчээр усжуулах, сумын нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, иргэд аж ахуй нэгжүүдийн оролцоотойгоор хашаа хороогоо цэвэрлэх зэрэг тохижилт үйлчилгээний олон ажлыг хийхээр төлөвлөсөн талаар сумын Засаг дарга Ж.Сүхбаатар дурдав.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин малчид, ард иргэдтэй уулзаж, Өргөн сум 2018 оны ажил үйлсээрээ аймагтаа тэргүүн байрт шалгарсныг дуулгаад орон нутгаас зохион байгуулж буй ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл өгч, малчдын сонирхсон асуултад хариуллаа.

1944 оны бичин жилийн цасан шуурганаар эх орны зүүн өмнөд хил рүү  уруудсан дал гаруй мянган адууг тогтоож улс даяар алдар нэрээ цуурайтуулсан Төвийн Балдан тэргүүтэй их говийн зоригтнуудын өлгий нутагт аймгаас анхаарал хандуулж хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн талаар Засаг дарга Т.Энхтүвшин онцлов.

Тухайлбал Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замаас Өргөн сум хүртэлх 18.5 км авто замыг энэ жил ашиглалтад оруулах, сумын төвд спорт цогцолбор байгуулахаар боллоо. Малчдын зөвлөлгөөний үеэр Өргөн сумаас төрсөн сумын сайн малчин,сумын мянгат малчдын шагналыг гардуулав.

Холбоотой мэдээ