Улсын цолтой бөхчүүдэд мөнгөн шагнал олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-23 22:43:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны Үндэсний их баяр наадмаар зургаа даван Монгол Улсын харцага цол хүртсэн Ш.Мөнгөнбаатар, тав даван Монгол Улсын начин цол хүртсэн Б.Батжаргал нарт аймгийн ЗДТГ, ИТХ-аас хүндэтгэл үзүүлж, тус бүр 50 сая төгрөгийн мөнгөн шагнал олголоо.

Шинэхэн цолтонгууд өнгөрсөн зун цолны мялаалга наадмаа хийсэн ч аймаг орон нутгийн зүгээс тусгайлан хүндэтгэл үзүүлээгүй байсан юм.


Мөн Сүхбаатар аймгийн Жавхлант бөхийн дэвжээний үүсгэн байгуулагч, Монгол Улсын заан Ц.Магалжавт Сүхбаатар аймагт үндэсний бөхийн спортыг хөгжүүлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн 10 сая төгрөг гардуулан өглөө.

Гурван бөхөд олгосон 110 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс гаргажээ.

Шагналыг Монгол Улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой болон шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар, ИТХ-ын дарга Б.Мөнхбат нарын удирдлагууд гардуулан өгсөн юм. Тус барилдаанд аймаг цэргийн цолтой хүчит 64 бөх зодоглосноос аймгийн арслан Б.Зоригтбаатар түрүүлж, аймгийн арслан О.Баярхүү үзүүрлэжээ.

Холбоотой мэдээ