ДЭМБ вирусын эсрэг үйлчилгээтэй эм хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-23 17:21:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг осельтамивар эмийг ЭМЯ-нд өнөөдөр гардуулав.

Манай улс анх 2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусын эсрэг эмчилгээнд уг эмийг хэрэглэж эхэлсэн бөгөөд ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн 20 дахь загвар жагсаалт болон манай улсын зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад орсон эм юм.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг хоёр жилийн өмнө шалан дээр хүлээн авдаг байсан. Бид энэ жил томуу, томуу төст өвчин дэлгэрсэн үеэр нэг ч хүнийг шалан дээр хэвтүүлээгүй. Эвхдэг ор дэлгэж хүүхдүүдээ хүлээн авч байсан. Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хорооны Цэргийн төв эмнэлэгт 78 ор дэлгэж байршууллаа. Чингэлтэй дүүргийн 10-р хорооны хүүхдийг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт, Сонгинохайрхан дүүргийн том хүний эмнэлгийн тусламж үйлчилгээг “Ачтан” эмнэлэгт шилжүүлсэн. Үүний үр дүнд өнөөдөр коридорт хэвтэж буй нэг ч хүүхэд байхгүй байна. Н1N1 вирусын гаралтай ханиадны үед үйлчилгээ сайтай энэхүү эмийг ДЭМБ бидэнд өгч байна. Эхний 500 хүн тун эм ирлээ. Ирэх долоо хоногт 1800 хүн тун эмийг ДЭМБ бидэнд хандивлана. Энэ бол зовох цагт нөхрийн чанар танигдсан, сайхан үйл гэж үзэн  баярлаж буйгаа илэрхийлье” гэв.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица,  “Европын болон Азийн улс орнуудад өвөл болж байгаагаас томуу, томуу төст өвчин дэгдээд байна. Ганцхан Монголд биш АНУ-д ч дэгдэлт их байна. Иймээс ДЭМБ улирлын чанартай томуугийн эсрэг вакциныг тариулахыг зөвлөж байна. Энэхүү вакцин нь H1N1 вирусын эсрэг үйлчилгээтэй. Тиймээс үүнийг сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс хүсч байна” гэсэн юм.
Осельтамивар эм нь вирусын эсрэг үйлчилгээтэй төдийгүй, шинж тэмдэг илэрснээс хойш 48 цагийн дотор ууж хэрэглэснээр тухайн өвчин болон уушгины өвчин хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой аж.

Холбоотой мэдээ