МУИС-ийн 513 төгсөгч энгэрийн тэмдэг, дипломоо гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-23 16:13:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн 2018-2019 оны өвлийн улирлын төгсөлт өнөөдөр болж, төгсөгчид энгэрийн тэмдэг, дипломоо гардлаа.

Докторын 20, магистрын 244, бакалаврын зэрэгтэй 513 төгсөгч энгэрийн тэмдэг, дипломоо гардсанаас докторын дипломоо гардан авч буй төгсөгчдийн 12 нь МУИС-ийн багш нар байв.


Ёслолыг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Эрдмийн баяр бол төгсөгчдийн хувьд тэр дундаа эрдмийн зэрэг цолоо ахиулж байгаа эрдэмтэн судлаачдын хувьд эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмрээ оруулах, нийгмийн сайн сайхны төлөө мэдлэг боловсролоо зориулахад чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй төрөлх сургуулиараа бахархах, үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийнхаа нэр хүндийг улам өргөж явах хүндтэй хариуцлагыг хүлээдгээрээ чухал ач холбогдолтой. Өнөөдөр ХХI зууны хөгжлийн хурдны их ачааллыг даах чадвартай, дэлхийн аль ч улс орон бүс нутагт хөрвөж ажиллах боломжтой тийм мэргэжилтэн шаардлагатай цаг үе юм. Энэхүү эрин үеийн уриа дуудлагыг МУИС ойрын ба хэтийн төлөвлөгөөндөө тусгаж ажиллах болно” гээд нийт төгсөгчдөд амжилт хүсэв.

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор Т.Эрдэнэ-Очир төгсөгчдийг төлөөлж үг хэлсэн юм. Тэрбээр, “Миний хувьд, 2006 онд МУИС-д бакалаврын зэрэгт элсэн орсноос хойш магистр, докторын гээд бүх түвшний сургалтыг тус сургуульд дүүргэж байна. Докторын зэргийн судалгааны ажлаа “Англи-Монгол хэлний зүйрлэсэн хэллэгийн харьцуулсан судалгаа” сэдвээр бичиж, хамгаалсан. МУИС-ийн хувьд оюутан, багш нараа нягт дэмжиж ажилладаг байгууллага. Ялангуяа, дотроо ажилладаг багшийн хувьд эрдмийн зэргээ ахиулж, докторын зэрэг хамгаалах, сургалтын төлбөр, ажлын цагийн хөнгөлөлт зэргийг олгоход ихэд дэмжиж ажилласан” гэв.

 Тус сургууль үүсэн байгуулагдсан цагаас хойш 76 жилийн хугацаанд 200 мянга гаруй оюутан төгсөөд байна. 

 

Холбоотой мэдээ