Н.Өлзийжаргал: “Мөрдөгч, мөрдөн байцаагч нар мөнхийн найз шүү” гээд л хэлчихдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-22 23:05:24

Баянхонгор/МОНЦАМЭ/ Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга Надмидын Өлзийжаргал саяхан дэд хурандаа цол хүртлээ. Ингэснээр тус газрын түүхэнд 77 жилийн турш тасраад байсан эмэгтэй дэд хурандаа цолтон төрж байна.  Эзэмшсэн мэргэжил, оногдсон албандаа нэр төртэй зүтгэж буй түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.


- Мөрдөс нь шинэхнээрээ байх үед тань уулзаж байгаадаа баяртай байна.  Баянхонгор аймагт 77 жилийн дараа эмэгтэй дэд хурандаатай боллоо гэхэд бахархах сэтгэл эрхгүй төрсөн. Цол гардах үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

- Би Баянхонгор аймагт төрж, Дорноговь аймагт өссөн хүн л дээ. Нутгаасаа хоёр настай байхдаа гараад 30 гаруй жилийн дараа буцаж төрсөн нутагтаа ирж ажилласан. Төрсөн нутгийнхаа Цагдаагийн албаны зузаан түүхийн нэгээхэн хэсэг нь болж, тэр дундаа олон жилийн дараах эмэгтэй дэд хурандаа, тасгийн дарга хэмээн бичигдэнэ гэдэг сайхан хувь тохиол шүү. Цол гардах мөчид эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, ээж аав, хань, хүүхдүүд, хамт олон гээд түшиж тулж өдий хүргэсэн бүх л хүмүүс маань бодогддог юм билээ. Тэр бүгд маань л миний амжилтын эх үндэс болохоор өөрийн эрхгүй бахархаж, омогшиж байлаа.

-“Эрчүүдийн ертөнц”-д энэ хүртэл явна гэдэг амаргүй даваа байх шүү?

- Монгол Улсад Цагдаагийн байгууллага боловсон хүчнийхээ тоогоор нэлээд дээгүүрт ордог. Цагдаа, дотоодын цэргийн мянга мянган алба хаагчдын 10 хүрэхгүй хувийг эмэгтэй алба хаагчид бүрдүүлдэг. Манай албанд эрэгтэй алба хаагч, эмэгтэй алба хаагч гэж ажил үүргийн зааг ялгаа байхгүй болохоор “чирэхдэхгүйн” тулд улам бүр л хичээх хэрэгтэй гэж санадаг.

Ямар ч үеэд манай эрэгтэй алба хаагч, бие бүрэлдэхүүн түшиг тулгууртай байдаг шүү. Олон сайхан хийморьлог эрчүүдтэй ажиллана гэдэг бахархалтайн зэрэгцээ урам зориг, эрч хүч цаанаасаа л ундарч байдаг юм аа.

- Хуулийн хүн болохоор шийдэж байсан үеэ дурсаач.

- Би анх Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд хүний их эмч мэргэжилтэй болно гэж боддог байсан. Энэ ч утгаараа би Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдүгээр дунд сургуульд н.Батсүх багшийнхаа удирдсан химийн сонгоны ангид суралцаж байлаа. Учир нь ээж маань эмэгтэйчүүдийн их эмчээр ажилладаг байсан болохоор мэргэжлийг нь өвлөх гээд тэр.

Тэгэж уралдаант шалгалтанд бэлдэж байснаа шалгалтаас нэг сарын өмнө гэнэт л хуульч мэргэжил гоё санагдаад, аав шигээ л хуулийн хүн болъё гэж шийдсэн. Тэгээд химийн давтлагандаа явлаа гэж гараад, ээжээсээ нууцаар Чинлүү багийн Нийгмийн хичээлийн давтлаганд сууж эхэлсэн. Элсэлтийн шалгалт өгөх өдөр ээж мэдээд учиргүй зэмлэж, сургууль авч чадахгүй бол чамайг эмнэлэгт асрагчаар оруулна шүү гээд загнаж байсан нь саяхан мэт санагдаж байна. Ингээд элсэлтийн ерөнхий шалгалтанд 73 хүүхэд өрсөлдсөнөөс нэгдүгээрт жагсаж, би гэдэг хүн МУИС-ийн хуулийн ангид элсэн суралцаж байв.

- Хэрэг бүртгэх тасгийг эмэгтэй хүн даргалах ямар байдаг вэ?

- Би энэ албаараа бахархдаг. Энэ л албаараа өөрийгөө гоёдог, эрч хүчээ авдаг болохоор надад хүнд хэцүү санагддаггүй ээ. Харин ч өөрийгөө хурцалж, өөртөө маш өндөр шаардлага тавьж ажилладаг. 

- Хамгийн хүнд хэцүү, зөрчилтэй хэрэг дээр ажиллаж байснаа дурдаач гэвэл?

- Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан үе. Улаанбаатар хот Замын-Үүдийн чиглэлд засмал зам тавигдан ашиглалтанд орж байсан тухайн жил зам тээврийн осол, хэрэг ихээр үйлдэгдэж, нэг гэр бүлийн таван хүн зам тээврийн ослоор нас барсан үйл явдал болж байсан. Тэр хэрэгт үзлэг хийж байхдаа хамгийн ихээр сэтгэл өвдөж, харамсаж байлаа. Мөн анхны хүүгээ төрүүлээд 7 сартай байхад нь ажилдаа орсны дараахан 8 сартай эрэгтэй хүүхэд эцэг эхийн хайрамжгүй байдлаас болж уяандаа боогдож нас барсан байсан хэрэгт ажиллахад сэтгэлзүйн маш хүнд байдалд орж байсан.

Энэ мэт таагүй үеүдийг бодоход хэцүү хэдий ч, тэр болгонд хямраад, шантраад, няцаад байвал ажлын бүтээмж гарахгүй шүү дээ гэж бодоод л дараа дараагийн ажилдаа шамдах хэрэгтэй болдог.  


- Олон жил энэ албыг хийхэд шалгагдаж байгаа хүмүүс голчлон юун дээр алдсан байдаг бол?

- Санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалсан хэргүүд цөөнгүй байдаг. Хурдаа тохируулж, автомашины бүрэн бүтэн байдлаа хангаагүйн улмаас гарсан осол хэрэг, аргагүй хамгаалалтыг хэтрүүлээд ял шийтгэл авах тохиолдол, гэнэн томоогүй байдлаасаа болж хэрэгт холбогдох зэрэг хэргүүд байна. Ер нь иргэн нэг бүр л хуулиа чанд мөрдвөл алив алдаа дутагдал гаргаж, ял шийтгэл авахгүй амар тайван аж төрөх бүрэн боломжтой шүү дээ. 

- Цагдаа цагийн найз, эрийн муу цагдаа зэрэг базаахгүй үгс цөөнгүй бий. Энэ талаар таны бодол?

- Цагдаа хүн бол төр-иргэн хоёрыг эн тэнцүүхэн авч явдаг хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс. Шууд утгаар нь хүлээж авч нервтдэггүй ч таагүй санагдах тохиолдол цөөнгүй. Харин тоглоом шоглоомоор найзууд маань хэлбэл нь “Мөрдөгч, мөрдөн байцаагч нар мөнхийн найз шүү” гэж хэлээд л инээдэм болгоод өнгөрөөчихдөг.

Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө аюулыг сөрж цэх зогсож чаддаг хүмүүс бол цагдаагийн алба хаагч нар. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл хэн таныг хамгаалдаг, өмгөөлдөг, ядарсан зүдэрсэн, гэмт халдлагад өртсөн нэгэнд хэн тусалж, зөрчигдсөн эрхийг нь сэргээхээр ажилладаг билээ дээ. Төрийнхөө сүлдийг толгой дээрээ залсан, төрдөө тангараг өргөсөн улс шүү дээ, цагдаа нар.

- “Баярлаж чаддаггүй” цөөхөн мэргэжилд таны алба багтана. Баяраар өндөржүүлсэн бэлэн байдал гээд гэртээ байхгүй үе олон тохиолддог. Гэр бүлийн хүн тань хэрхэн хүлээн авдаг бол?

- Баярлаж цэнгэхээс илүүтэй ард түмэн минь айх айдасгүй, амар жимэр амьдарч, хөөр баяраа элдэв хэрэг зөрчилгүй тэмдэглээсэй гэж ажилладаг нь манай албаны онцлог.

Гэхдээ би чинь цагдаагийн алба хаагчаас гадна гэргий хүн, ээж хүн. Үр хүүхэд маань эхэндээ баяраар хамт байхгүй юм уу гээд унжийчихдаг байсан. Одоо бол бүрэн ойлгодог болчихсон байна. Баярын дараа гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа нөхөөд тэмдэглээд хэвшчихсэн. Миний хань өөрөө цагдаагийн байгууллагад ажилладаг болохоор энэ тал дээр бидний хооронд үл ойлголцол гардаггүй.

- Гэр бүлээ танилцуулахгүй юу. Бас цагдаа – ээж байхын онцлог юу байдаг вэ.

- Миний ханийг Ц.Мөнхбат гэдэг. Хань маань 2000 онд Цагдаагийн академи төгсөөд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон очиж байлаа. Тэнд бид танилцаж, гэр бүл болоод өнөөдөр хоёр сайхан хүүгийн эцэг, эх болоод амьдарч байна.

Бид нэг байгууллагад ажилладаг байсан. Гэтэл цагдаагийн хүн, тангараг өргөсөн төрийн алба хаагч гэдэг утгаараа 2016 онд Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар миний бие Баянхонгор аймагт томилогдож байлаа. Ингэж нөхөр бид хоёр хоёр жил тусдаа амьдарсан. Хүүхдүүд маань ээж дээрээ ирэхээрээ аавыгаа, аав дээрээ очихоороо ээжийгээ санаад эхэн үедээ хэцүү л байдаг байлаа. Бидний амьдрал дунд хүүхдүүд маань л эрт биеэ дааж, хэрсүү болсон. Цагдаа-ээж байхын онцлог нь энэ л болов уу.

Манай хүн Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, эрүүгийн төлөөлөгч, Сум дундын Цагдаагийн тасгийн даргаар ажиллаж, цагдаагийн дэд хурандаа цолтой, 42 насандаа буюу 2018 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Одоо аавын үүргээ гүйцэтгэж байгаа.

- Хүүхдүүд тань цагдаа болно гэвэл хэрхэн хүлээн авах вэ?

- Би чинь өөрөө удам дамжсан цагдаа, хань маань ч адил. Тэгэхээр хөвгүүдээ цагдаа болно гэвэл баяртайгаар дэмжих болно. Ууган хүү маань цагдаа болно гэдэг болсон.

- Таны бахархал?

-Миний бахархал бол эх орон, төрсөн болон өссөн нутаг, аав, ээж, гэр бүл, эзэмшсэн мэргэжил минь юм шүү дээ.

- Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?

- Би гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал, үр хүүхдийнхээ эрүүл саруул инээд баяслаар эрч хүчээ сэлбэдэг. 

Холбоотой мэдээ