Төрийн 15 байгууллагын авлигын эрсдлийг үнэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-22 16:53:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанааc энэ оны эхний хагас жилд 15 төрийн байгууллагын авлигын эрсдлийг үнэлнэ.

Тус газраас “Онч шийдэл”, “Статистикийн судалгаа, шинжилгээний хүрээлэн”, “Орон нутгийн хөгжил бодлого судалгааны төв”, “Хүлүгү санаачилга”, “Хэрэглээний социологийн хүрээлэн” зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран дараах байгууллагад авлигын эрсдлийг судлан шинжлэх юм. Үүнд:

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлэг
  • Нийслэл Өргөө амаржих газар
  • П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлэг
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Гэмтэл согог судлалын үндэсний төв
  • Монгол Улсын Их Сургууль
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
  • Монгол Улсын Боловсролын их сургууль
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
  • Авто тээврийн үндэсний төв
  • Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл
  • МИАТ ТӨХК
  • Монгол шуудан ТӨХК
  • Хөдөө аж ахуйн бирж ТӨХК

Авлигын эрсдлийг үнэлэх үйл ажиллагаа нь тухайн байгууллагын онцлогоос хамааран чиг үүрэг, төсөв, процедур болон шийдвэр гаргах үйл явц, хүний нөөцийн асуудал зэрэг авлигын эрсдэл бүхий дараах асуудалд тусгайлан чиглэсэн үнэлгээг хийнэ.

Авлигын эрсдлийн үнэлгээг зохион байгуулснаар төрийн байгууллага дахь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа, түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад чухал ач холбогдолтой. Иймд төрийн байгууллага бүр “Авлигын эрсдлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу эрсдлээ үнэлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших шаардлагатай юм гэж АТГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн онд АТГ нийт 24 яам, агентлаг, төрийн байгууллагын авлигын эрсдлийн судалгааг явуулсан юм.

Холбоотой мэдээ